Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Ховд” голд осолдсон зургаан настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хоногт орон нутагт нэг том хүн алга болсон, хүүхэд усанд осолдсон тухай дуудлага харьяа Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу эрлийн ажиллагаа үргэлжилж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ тус сумын 4 дүгээр гудамжинд оршин суугч 6 настай, эрэгтэй Г хоёрдугаар сарын 13-ны 16:55 цагийн орчим “Ховд” голд осолдсон тухай дуудлагыг 17:05 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, хошууч С.Даваажаргалаар ахлуулсан 9 алба хаагч, нэг автомашинтай мөн өдрийн 18:24 цагт осолдсон газарт очин 100 метрийн зайд 3 удаагийн шумбалт хийж, орон нутгийн 50 иргэн “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:45 цагт түр зогсоожээ. Өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Хэдийгээр гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа  хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхаарууллаа.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн 6 дугаар гудамжинд 24 настай, эмэгтэй Х хоёрдугаар сарын 13-ны 22:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 14-ний 00:15 цагт хүлээн авжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч, 2 автомашин, ар гэрийнх нь 6 хүн, 1 автомашин, нийт 14 хүн, 4 автомашинтай эрэн хайсан ч олоогүй тул 04:05 цагт эрлээ түр зогсоосон байна.

Харин өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.