Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппин улсад өнгөрсөн сард улаан бурхны улмаас 70 хүн нас баржээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Photo by: Francis R Malasig/EPA

Филиппин улсад сүүлийн хэдэн сарын турш улаан бурхан өвчин эрчимтэй дэгдэж, зөвхөн нэгдүгээр сард л гэхэд 70 хүн амь насаа алдаад байгаагийн дийлэнх нь таваас доош насны багачууд байгаа аж.

Түүнчлэн он гарснаас хойш улаан бурхны нийт 4,302 тохиолдол бүртгэгдээд байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэнийг харуулж байгаа юм.

Энэ сард мөн улаан бурхны дэгдэлт Филиппинд өсөх хандлагатай байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт 12 гаруй сая хүн амтай тус улсын нийслэл Манила хотод улаан бурхны халдвар газар авсан бөгөөд гол шалтгаан нь эцэг, эхчүүд хүүхдээ вакцинжуулалтад хамруулахаас татгалздагтай холбоотой талаар эрүүл мэндийн салбарынхан нь дурджээ.

Мөн улаан бурхны тархалтад илүү өртсөн хэд хэдэн газар болон дүүргүүдэд эрүүл мэндийн байгууллагаас нь онц байдал зарлаад байгаа аж.

Улаан бурхан өвчнөөс хамгаалах дархлаажуулалтын аян Филиппин улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж байсан хэдий ч 2017 онд вакцинжуулалт 73 хувьд хүрч буурсан нь тус өвчний тархалтын гол шалтгаан болжээ. Одоогоор вакцинд хамрагдаагүй таваас доош насны 2.5 сая гаруй хүүхэд бүртгэгдээд байгаа юм байна.

 

 

Эх сурвалж: TheGuardian