Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Тортгийг 80% хүртэл бууруулдаг шүүлтүүрийг том оврын автобусуудад үргэлжлүүлэн туршина

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10%-ийг тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа эзэлдэг бол үүний 50%-ийг нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том оврын автобусууд үүсгэдэг гэсэн тоо байна. Өөрөөр хэлбэл, дизель хөдөлгүүрт том оврын 1000 орчим автобус нийслэл дэх 400 гаруй мянган авто машинтай дүйх хэмжээний хорт утааг үйлдвэрлэдэг гэсэн үг. 

Тэгвэл энэ үүсгэгчийг шийдэх хувийн хэвшлийн санаачилгаар 2018 оны аравдугаар сараас туршилт явуулсан нь урьдчилсан байдлаар үр дүнгээ өгчээ. 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дөрвөн автобусанд БНСУ-ын “Серакомб” компанийн үйлдвэрлэсэн өндөр технологийн DPF шүүлтүүрийг тавьж, гурван сарын хугацаанд сар бүр хэмжилт хийхэд тортогжилтын хэмжээ 50-60% буурсан байна.

Одоогийн мөрдөгдөж буй стандартаар дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн тортогжилт 40%-аас илүүгүй байхаар заасан ч манайд үйлчилж буй том оврын автобуснуудын үзүүлэлт үүнээс өндөр байна. Тухайлбал, DPF шүүлтүүрийг туршилтаар тавихын өмнө нэг автобусны тортогжилт 60.6%-тай байсан бол шүүлтүүр тавьсны дараа 16.7%-тай болжээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Шүүлтүүрийг суурилуулахад хялбар төдийгүй өөр автобусанд шилжүүлэн ашиглах боломжтойгоос гадна шүүлтүүр бохирдвол жолооч хянах самбараасаа хараад автоматаар цэвэрлэх боломжтой. Шүүлтүүр хорт бодис, тоосонцрыг өндөр градуст бүрэн шатаах замаар өөрийгөө цэвэрлэх технологитой бөгөөд үүнд 15 минут хангалттай аж. 

Тиймээс уг туршилтыг үргэлжлүүлэх, цаашлаад нийтийн тээврийн бүх хэрэгсэлд суурилуулах боломжийг бүрдүүлэх үүднээс Монгол Улс дахь БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа гадаадах худалдааны төлөөлөгчийн газар болох “Котра Улаанбаатар” болон нийслэлийн Тээврийн газар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Өндөр технологи бүхий DPF шүүлтүүрийг үйлдвэрлэсэн БНСУ-ын “Серакомб” компани нь 25 жилийн туршлагатай бөгөөд Солонгостоо одоо ч ашиглаж байгаа аж. Үүнээс гадна БНХАУ, Иран, Тайланд, Бразил, Мексик, Колумби, Австрали, Голланд зэрэг улс нэвтрүүлж ашиглаж байгаа талаар “Серакомб” компанийн үүсгэн байгуулагч И Ган Хун хэлэв. Тус компанийг Монголын талаас AMMG компани төлөөлж, туршилтыг хэрэгжүүлэх юм байна.      

2019 оны эцэс гэхэд 2007 онд үйлдвэрлэгдсэн нийт 220 орчим тээврийн хэрэгсэл үйлчилгээнээс хасагдана

 
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Тээврийн газар бохирдлыг бууруулах чиглэлээр өөр ямар ажил хийх талаар тус газрын орлогч дарга Х.БулгааУлаанбаатар хотын нийтийн тээвэрт үйлчилж буй бүртгэлтэй нийт 1,200 орчим том оврын автобусны 80 хувь нь насжилт өндөртэй хуучин тээврийн хэрэгсэл байгаа. Энийгээ дагаад агаар орчинд үзүүлж байгаа сөрөг бохирдлын хэмжээ өндөр байдаг.

2019 оны эцэс гэхэд 2007 онд үйлдвэрлэгдсэн нийт 220 орчим тээврийн хэрэгсэл үйлчилгээнээс хасагдана. Энэ хэмжээний тээврийн хэрэгслийг нөхөн хангахаар төлөвлөж байгаа. 2018 оноос бид байгалийн шахсан хийгээр ажилладаг буюу CNG хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл ашиглаж эхэлсэн. 100 гаруй ийм хөдөлгүүрт автобус ашиглаж байна. Мөн хоёр цахилгаан автобусыг энэ онд багтаад үйлчилгээнд нэвтрүүлэхээр судалж байгаа” хэмээн ярилаа. 

Ташрамд дурдахад, БНСУ Засгийн газрын дэмжлэгтэйгээр тээврийн хэрэгслийн хорт утааг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр үе шаттай ажил хийжээ. Нэгдүгээр үе шат 2005-2014 оныг хамарсан бол 2015-2024 онд хоёрдугаар үе шат хэрэгжих юм байна. Энэ хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 15-наас хорт утаа ихээр ялгаруулдаг, 2006 оноос өмнө үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг Сөүл хотод нэвтрүүлэхгүй байх хууль үйлчилж эхэлж байгаа аж. Үүнийг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээх юм байна.