Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

350 ТЭРБУМ ТӨГРӨГийн зөрүү хийгээд арилжааны банкууд, Монголбанкны аль нь ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭЖ БАЙНА ВЭ?

Б.Ану
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанк 2018 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар буюу өнгөрсөн онд арилжааны банкууд хэрхэн ажилласан тухай тайлангаа уламжлал ёсоор цахим хуудастаа байршуулсан билээ.

Тус тайланд дурдсанаар 2018 онд арилжааны банкууд 96.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тухай мэдээлэгдсэн байсан юм. Түүнийг нь ч бид мэдээлсэн. 

Тэгвэл салбарын эдийн засагчид арилжааны банкууд 2018 оны төгсгөлд яагаад ч ийм хэмжээний алдагдалтай ажиллаагүй гэх мэдээллийг өгснөөр бид арилжааны 14 банкнаас өнөөдрийн байдлаар 2018 оны гүйцэтгэлээ нээлттэй байршуулаад буй 12 банкны татварын дараах цэвэр ашгийн хэмжээг үзвэл дараах үр дүн гарч байна.

Тодруулбал, тайлангаа мэдээлсэн 12 банк нийлээд 2018 онд 257 орчим тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. 

Хүснэгт 1,  Банкуудын ашиг, алдагдал. 2018 оны IV улирлын эцсээрх мэдээллүүдийг банк тус бүрийн цахим хуудаснаас авав. 

Татварын дараах (цэвэр) ашиг, алдагдал, (тэрбум төгрөгөөр)
Банкуудын нэр Банкуудын цахим хуудаст нийтэлснээр: Монголбанкнаас гаргасан банкуудын нэгдсэн тайлан тэнцлээр:
1 Хаан банк 171.5  
2 Голомт банк 45.7  
3 Худалдаа хөгжлийн банк 19.6  
4 Хас банк 14.5  
5 Тээвэр хөгжлийн банк 3.8  
6 УБ хотын банк 3.0  
7 Богд банк 2.2  
8 Төрийн банк 1.6  
9 Ариг банк 0.13  
10 Кредит банк -0.9  
11 Чингис хаан банк -13.4  
12 Капитрон банк 9.6 (2019.2.13-ны 14:14 цагаас хойш шинэчлэгдэв)  
13 Үндэсний хөрөнгө оруулалтын банк Тайлагнаагүй  
14 Капитал банк Тайлагнаагүй  
  НИЙТ 257.329 -96.8
    Ашиг Алдагдал

Гэтэл Монголбанкны тайлангаас банкууд нийтдээ 96.8 буюу бараг 97 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа мэтээр мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, энэ зөрүүтэй байдлаас болж 354.1 тэрбум төгрөг хаа нэг газар дутуу мэдээлэгдсэн болоод байна. 

Банкны салбарын мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллээр

"Дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлээ тайлагнаагүй Капитал Банк,  Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк гэсэн хоёр банк нийт дүнгээрээ 350 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан болж таарах гээд байна. Гэтэл эдгээр банкны хувьд өөрийн хөрөнгөтэй нь харьцуулахад энэ тоо дэндүү ахадсан, байж боломгүй өндөр дүн юм. Ямартай ч энэ бүгдийн учрыг Монголбанк олж, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй" гэж байлаа.

Нэгэнт мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тайлангаа гаргаагүй байгаа банкууд ийм хэмжээний алдагдал хийх магадлал бараг байхгүй гэж байгаа тохиолдолд Монголбанкнаас гаргадаг банкуудын нэгдсэн тайлан тэнцэл, банк тус бүрийн өөрсдийн цахим хуудсаараа дамжуулж мэдээлсэн тооны хооронд 354.1 тэрбум төгрөгийн зөрүү үүсч байна.

Үүнээс иргэд, мэргэжилтнүүд аль тоо нь үнэн бэ. Монголбанк алдаатай тоо гаргадаг болоо юу эсвэл зарим банк Монголбанканд нэг тайлан өгөөд, цахим хуудастаа түүнээс тэс өөр тайлан нийтэлж хуурдаг гэсэн үг үү гэсэн хоёр асуулт гарч ирнэ. 

Хэрэв банкууд худал мэдээллээр харилцагчдыг хуурч байгаа бол мөн л Монголбанк түүнийг нь олж тогтоож, бүх банк нэг стандартаар, үнэн зөв тайлагнадаг болгох арга хэмжээ авах ёстой биз?

Энэ тухай бид Монголбанкнаас өчигдрөөс эхлэн тодруулга авах хүсэлт гаргасан ч одоогоор тодорхой хариу өгөөгүй байна.

(Капитрон банкны мэдээллийг тухайн банкны хүсэлтээр 2019.2.14-ний 9:23 цагт шинэчлэв)