Монгол иргэдийн Энэтхэг улсад эмчилгээ үйлчилгээнд хамрагдах зорилгоор зорчих явдал нэмэгдэж байгаа тул холбогдох байгууллагуудаас дараах мэдээлэл, зөвлөмжийг өгч байна.
НЭГ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, түүний дотор эд, эрхтэн шилжүүлэн суулган зорилгоор Энэтхэг улсыг зорьдог манай иргэдийн дийлэнх нь зорьсон хэргээр бүтээж, эх нутагтаа буцдаг.
Гэвч сүүлийн үед зарим эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөн халдвар авах, үрэвсэх, оношийн зөрүү гарах, шинэ онош илэрч, төлөвлөснөөс илүү зардал чирэгдэл үүсэх, визийн ангилал солиулах, хугацаа хэтэрч сунгуулах, торгууль төлөх, Дотоод хэргийн яамны харьяа Гадаадын иргэдийг бүртгэх албанд зөвшөөрөл хүсэх гэх мэт хүндрэл бэрхшээл гарах болов. Иймд Энэтхэгийн эмнэлэгт хандахын өмнө дотоодын гуравдахь шатлалын эмнэлэг, нарийн мэргэжлийн эмч нартай зөвлөх, хуулийн дагуу эрх, үүрэг нь тодорхойлогдсон зуучлагч байгууллагаар зохих гэрээний үндсэн дээр үйлчлүүлэх, анагаахын болон англи, хинди хэлний мэдлэгтэй орчуулагч, хэлмэрчийн дэмжлэг туслалцааг авах нь дээрх хүндрэл бэрхшээлээс зайлсхийхэд тус дөхөм үзүүлэх болно.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар Энэтхэгийг зорчих тохиолдолд “Эмчилгээний” визийг, урт хугацаатай мэдүүлэх нь визийн ангилал солиулах, хугацааг сунгуулах, виз хэтрүүлсэний торгууль төлөх, хилээр гарах зөвшөөрөл авах гэхчлэн цаг хугацаа алдахаас сэргийлэх болно. Визийн хугацааг хилээр орсноос бус виз олгосон өдрөөс тоолж эхэлдэгийг анзаарах нь визээ хэтрүүлж, өндөр торгууль төлөхөөс мөн сэргийлнэ.
ХОЁР. Энэтхэг улсад Хүний эд эрхтэн шилжүүлэн суулгах тухай хууль (Transplantation of Human Organ and Tissues Act -THO)-ийг 1994 онд баталж, 2009 онд нэмэлт оруулсан байна.
Хүний эд, эрхтэнд нүд, нарийн гэдэс, бөөр, элэг, зүрх, уушиг, түрүү булчирхай, шулуун гэдэсний доод хэсэг, арьс, зөөлөн эд багтдаг. Эдгээр эд эрхтнийг хандивлагч (донор), хүлээн авагч( өвчтөн)-ийн хооронд төлбөр тооцоо байх ёсгүй. Эд, эрхтэн шилжүүлэх мэс хагалбарыг шүүхээр баталгаажуулсан, эмнэлгийн шинжилгээнүүдээр нотлогдсон, эрх бүхий байгууллага зөвшөөрсөн нөхцөлд тусгай зөвшөөрөлтэй эмнэлэгт хийдэг байна.
Гадаадын иргэд нутгийн хүнээс эд, эрхтэн авахыг хориглодог, зөвхөн өөрсдийн садан төрөл (ах, эгч, дүү, аав, ээж), эхнэр, нөхрөөс эд, эрхтэн авахыг зөвшөөрдөг. Энэхүү заалтад өвөг эцэг, эмэг эх, ач зээ нар саявтар нэмж хамрагдсан. Эд эрхтнээ бусдад өгөх донор 18 насанд хүрсэн байхыг шаарддаг. Тархи нь үхэжсэн цогсноос эд, эрхтэн авахыг зөвшөөрдөг боловч арилжааны зорилгоор шарил хөндөхийг хориглодог.
Төрөл биш хүмүүсийн хооронд эд, эрхтэн худалдах явдлаас сэргийлэхийн тулд Advisory Committee, State Authorization Committee, Verification Committee, Medical Bоard гэдэг эрх бүхий байгууллага болон тухайн улсын ДТГ-аас “Үл татгалзах тухай Гэрчилгээ (Non-Objection Certificate) буюу зохих зөвшөөрөл авахыг шаарддаг. Уг зөвшөөрлийг авсан тохиолдолд “Mohan Foundation” зэрэг төрийн бус байгууллагад бүртгүүлэн тохирох эд эрхтэн олдохыг хүлээдэг.
Өөрсдийн донортой эсвэл тохирох эд эрхтэн олдсон үед Цусны бүлэг тодорхойлох шинжилгээ, Эсийн шинжилгээ, Цусны цагаан бөөм, анти-генийн шинжилгээ, Эд эрхтэн тохирох эсэхийн шинжилгээ гэхчлэн нэлээд хэдэн үзлэг шинжилгээг хийлгэж, ДОХ, халдварт шар, сүрьеэ өвчингүй гэдгийг нотолж, гэр бүлээсээ зөвшөөрөл бичгээр авсан байхыг шаарддаг.
Зардал хэмнэх үүднээс эдгээр шинжилгээг эмнэлэгт биш амбулатори болон хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад хийлгэж, тэр хугацаанд гадуур байр түрээсэлдэг тал бас байдаг.
ГУРАВ. Монгол иргэдийн ханддаг томхон эмнэлэгүүдийн талаарх товч мэдээлэл.
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ
УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар