Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цэцэгдэлгэрэх: Хөрөнгө, орлого мэдүүлэлтийн явц 85.5 хувьтай байна

Б.Оюунжаргал, Үндэсний шуудан
2019 оны 2 сарын 13
Үндэсний шуудан
Зураг зураг

Авлигын эсрэг хуульд зааснаар хуулийн үйлчилгээнд хамрагдах албан тушаалтнууд жип бүрийн хоёрдугаар сарын 15- ны дотор Хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэг хүлээсэн байдаг. Тэгвэл энэ ажлын нөхцөл байдлын талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.

-Энэ жилийн хувьд хэчнээн хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэхээр тусгагдсан бэ. Одоогийн байдлаар явц хэдэн хувьтай байна вэ?

-АТГ-аас төрийн болон нутгийн захиргааны 108 байгууллагаас хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг авч нэгтгэсэн. Энэ жилийн хувьд цахим системд нийт 40,800 орчим төрийн өндөр албан тушаалтан бүртгэгдсэн. Түүнчлэн төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан мэдүүлэг гаргагчийн тоонд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй.

Одоогийн байдлаар цахим системд 34,200 хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ баталгаажуулсан байна. Энэ ажил Улсын хэмжээнд 85.5 хувьтайгаар явагдаж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд болох УИХ гишүүд, Засгийн газрын гишүүн, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Дэд сайд, Засгийн газар УИХ-аас томилогдсон албан тушаалтнууд бий. Энэ жил 285 орчим хүн АТГ-т мэдүүлгээ гаргаж мэдүүлэх үүрэгтэй.

Одоогийн байдлаар 164 буюу 60 орчим хувь нь мэдүүлгээ өгсөн. Хөрөнгө орлогын мэдүүлгийг meduuleg.iaac.mn системээр нэвтрэн бүргүүлнэ. Бүртгэл мэдээллийг хоёрдугаар сарын 15-ны өдрийн 24.00 цаг хүртэл хүлээн авна. Үүний дараа тухайн байгууллагууд гуравдугаар сарын 1-ний өдрийн дотор тайлан мэдээ ирүүлэх ёстой. Хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа 108 байгууллага тэдгээрийн 1,625 салбар нэгж дээр мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа явагдаж байгаа юм.

-Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хоцорч өгөх эсвэл огт мэдүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?

-Авлигын эсрэг хууль, сонирхлын зөрчлийн хуульд зааснаар хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаагүй, гаргахаас татгалз-сан тохиолдолд нийтийн албанаас хална гэх хуулийн заалт бий. Хөрөнгө орлогын мэдүүлгээ хожимдуулж гаргасан, хүндэтгэх шалтгаан-тайгаар хоцорсон бол сануулах, сахилгын шийтгэл ногдуулна. Хоёрдугаар сарын 15-нд хөрөнгө, орлогын мэдүүлгийн урьдчилсан дүн гардаг. Эцсийн байдлаар гуравдугаар сарын 1-нд нэгдсэн тайлан мэдээг гаргана. Үүнээс хойших хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаггүй. Ийм тохиолдолд өгөөгүй гэх үндэслэлээр хариуцлага тооцно.

Мэдээллийг гаргаж дуусаад хоёрдугаар улирлаас нь мэдүүлэг гаргасан албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын цахим сайтад байршуулдаг. Хөрөнгө орлогын мэдүүлэг маань хувь хүний нууцтай холбоотой учраас АТГ-аас дэлгэрэнгүй мэдээлдэггүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө, орлогын мэдүүлэг таван жилийн ху гацаатайгаар манай сайтад байршдаг. 

-Энэ жил мэдүүлэг гаргагчдын тоонд ямар өөрчлөлт орсон бэ?

-2017 онд 40,073 хүн хөрөнгө орлогын мэдүүлэг өгсөн. Энэ жил 40,800 болж өссөн. Байгууллагын бүтэц, зохион байгуулалттай холбоотой хөрөнгө оруулагчдын тоо хэлбэлзэлтэй байгаа. Мөн Засгийн газрын агентлагууд байгуулагдсан. Оюуны өмч, улсын бүртгэлийн газар гэсэн байгууллага Улсын бүртгэл, Оюуны өмч гэсэн тусдаа байгууллага болсон. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар гэсэн агентлаг нэмэгдсэн. Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой төрийн үйлчилгээний албанд ажиллаж буй албан тушаалтнуудын ангилал, зэрэглэл нэмэгдсэн. Ингэснээр хөрөнгө, орлогоо мэдүүлэх албан тушаалтнуудын тоонд орж байгаа юм. Хөрөнгө оруулгын мэдүүлэг гаргагчдын тоо энэ мэтээр хэлбэлзэж байна.

-Хөрөнгө, орлогоо мэдүүлэгчдийн мэдээлэл үнэн зөв эсэхийг хэрхэн хянадаг вэ. Төрийн өндөр албан тушаалтнууд үндэслэлгүйгээр хөрөн-гөжсөнийг иргэд хэрхэн мэдэх вэ?

-Үүнийг хянан шалгах хэд хэдэн үндэслэл бий. Жишээлбэл, Иргэдээс болон хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу шалгана. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 2018 онд шүүх байгууллагын шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгасан.Дунджаар 300 орчим албан тушаалтны мэдүүлэгд нарийвчилсан шалгалт хийсэн. Энэ үеэр хөрөнгөө дутуу мэдүүлсэн, нуун дарагдуулсан гэх мэт зөрчлүүд тогтоогдсон.Тухайн албан тушаалтны гаргасан зөрчлийн хэмжээгээр хариуцлага тооцдог. Нэг сарын цалингаас дээш хэмжээний хөрөнгөө худал мэдээлсэн бол сануулна.

Нэг жилээс дээш хэмжээний орлогоо худал мэдээлсэн бол ажлаас хална гэх хуулийн заалт байгаа. Хуулиар хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгахдаа дараах байдлаар шалгаж байгаа. Үүнд, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын ёс зүйн дэд хороо шалгана. АТГ болон тус газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны мэдүүлгийг Хууль зүйн байнгын хороо шалгахаар зохицуулсан.

-А.Хаянхярваа Ш.Алтангэрэл нар хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдээлсэн. Тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үү?

-АТГ-аас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, зураг төсөл хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарын хөрөнгө, орлогын мэдүүлэгд зөрчил илэрснийг албан бичгээр мэдүүлсэн. Мөн энэ талаарх албан бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хүргүүлсэн.

Уг албан бичгийн дагуу нийслэлийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч, хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарыг хоёрдугаар сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа. Ийм байдлаар тухайн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах явцад тухайн орлого хөрөнгөө ямар үндэслэлээр олж авснаа бодитойгоор тайлбарлаж чадахгүй.

Хууль ёсны дагуу олсон гэдгээ нотолж чадахгүй тохиолдол байдаг. Ингэснээр бид үүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн мөрдөн шалгах ажлыг эхлүүлдэг. 50 саяас дээш хэмжээний хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол хуулийн хариуцлага тооцно. 2018 онд 20 орчим албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шинж агуулсан байсан.

-АТГ-т жилд хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой зөрчил хэд бүртгэгддэг вэ?

-Ерөнхийдөө гомдол, мэдээлэл жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй болгосноор үүнийг илрүүлэх асуудал дээр иргэд их ач холбогдол өгч байна. АТГ-т жилд дунджаар 500 орчим албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгт нарийвчилсан хяналт шалгалт хийдэг.

-Энэ жилийн хөрөнгө, орлогын мэдүүлэг бүрдүүлэлтийн ажил өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлогтой байна вэ?

-Cap шинийн баяр таараад олон хоногоор амарсан. Тэгэхлээр хөрөнгө, орлогын мэдүүлэг бүрдүүлэлтийн ажлын явц удааширсан. Тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг доогуур үзүүлэлттэй байна. Хөрөнгө, орлогын мэдүүлэг авч дуусахад хоёр хоног үлдлээ. Энэ хугацаанд амжиж өөрийн болон гэр бүлийн хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээрэй гэж хэлмээр байна.

Зураг