Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

"2019 онд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах 2.6 ИХ НАЯД төгрөгөөр 33,000 айлын орон сууц барья"

Г.Номин, iKon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Б.Батсайхан мэдээлэл хийж, агаарын бохирдлыг богино хугацаанд бодитоор бууруулах төслийг хэсэг нөхдийн хамт санаачилснаа танилцууллаа.

"2019 онд агаарын бохирдлыг бууруулахад 2.6 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөж байна"

Тэрбээр "2019 онд агаарын бохирдлыг бууруулах ажилд 2.6 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. Үүнд,

  • Агаарын бохирдлыг бууруулах ажилд зориулж 2019 оны улсын төсвөөс БОАЖ-ын Сайдын багцад 75 тэрбум төгрөг байгаа.
  • Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын хүрээнд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад зориулж 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор тохирсон.
  • БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хоёр тэрбум юаньтай тэнцэх хэмжээний хөрөнгийг агаарын бохирдолтой тэмцэх ажилд зарцуулахаар болсон.
  • Мөн 2019 онд  Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэн, эх үүсвэрт зарцуулах 500 тэрбум төгрөгний санхүүжилтийг Засгийн газар Монголбанк хамтран шийдвэрлэсэн.
Нийтдээ ХОЁР ИХ НАЯД 675 ТЭРБУМ төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөрөнгийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулахаар төлөвлөөд байна. Харин 2018 оны гүйцэтгэлээр Монгол Улсын төсвийн орлого түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөг давсан. Өөрөөр хэлбэл төсвийн орлогын 26.75 хувьтай тэнцэх хэмжээний их хөрөнгийг утаа, агаарын бохирдолтой тэмцэхэд зарцуулахад бэлэн болоод байна.

Гэтэл дээрх хөрөнгө юунд зарцуулагдах талаар тодорхой мэдээлэл хомс байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллээс харвал, БОАЖ-ын сайдын захиран зарцуулах төсвийн багц дахь 75 тэрбум төгрөгнөөс 10 тэрбумыг нь  сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжих ажилд төсөвлөсөн. Бусдыг нь юунд зарцуулах нь тодорхойгүй байгаа.

Хятад Улсын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн 3/2 хувийг шугам, сүлжээнүүдээ өргөтгөж шинэчлэх, шаардлагатай дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг нь бий болгоход зарцуулахаар төлөвлөж байна.

БНСУ-ын “Эксим” банкаар дамжуулан олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Түрээсийн орон сууц”-ны сангийн нэмэгдүүлэлтэд зарцуулна хэмээн БХБ-ын дэд сайд асан Лхамсүрэн хэлж байсан. Энэ мэдээллийг өгөх үеэр Буянт-Ухаа 2, Буянт-Ухаа 3, Эко яармаг-1 төслүүд зэрэг 8,900 гаруй айлын сургууль, цэцэрлэгтэй орон сууцны цогцолбор төслүүдийг танилцуулсан бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байгаа талаар хэлж байсан" хэмээн ярив.

"2.6 их наяд төгрөгийг төрийн байгууллагуудаар зарцуулуулах нь үр дүнгүй"
 
Гэрэл зургийг mpa.mn

Иргэн Б.Батсайхан болон түүний хамтрагчдын зүгээс их хэмжээний хөрөнгийг төрийн байгууллагуудаар зарцуулуулах нь үр дүнгүй хэмээн үзэж байгаагаа хэлээд өөрсдийн санал болгож буй төслийг танилцууллаа.

"Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулагдах 2.6 их наяд төгрөгөөр 33 мянган айлын орон сууц бүхий хорооллуудыг бүх дэд бүтэцтэй нь барьж  ашиглалтанд оруулах боломжтой. Манай зорилго бол утааны эх үүсвэрийг цөөрүүлэх замаар агаарын бохирдлыг шууд болон шууд бусаар бодитой бууруулах юм.

  • 33 мянган айлын орон сууц бүхий хорооллуудыг шаардлагатай авто замын байгууламж, эмнэлэг, цэцэрлэг, сургууль зэрэг нийгмийн дэд бүтцийг бас хамтад нь шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байна.   
  • Эдгээр орон сууцанд ипотекийн зээлээр хамрагдах иргэдийн байрны урьдчилгаа 30 хувь болон барьцаа хөрөнгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтой. Түүнчлэн ипотекийн зээлийн хүүг 5 хувь хүртэл бууруулах бодит боломжтой хэмээн тооцоолсон.
  • Үр дүнд нь гэр хороолол дахь ахуйн хэрэглээний зуухны яндангийн тоог 30 мянган ширхгээр бодитой бууруулна.

Гэхдээ энэ тоо бол зөвхөн санхүүгийн эх үүсвэрийн хэмжээнд гаргасан тоо юм.

Хэрвээ Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүд бодлогын түвшинд маш шуурхай ойлголцон дэмжиж, хамтран ажиллавал гэр хороолол дахь ахуйн хэрэглээний зуухны яндангийн тоог 50 мянга хүртэл ширхгээр бууруулах боломжтой гэж үзэж байгаа.

"Яг утааны эх үүсвэрийн голомтоос хэдэн айл орон сууцанд орсон нь тодорхойгүй байна"

Гэр хорооллыг дахин төлөвлөлтийн үр дүнд орон сууцжуулахаар төлөвлөсөн бүс рүү маш их дэд бүтэц татаж байгаа тул хашааны газраа хоёр өрөө байраар солих иргэдийн тоо багасч байна. Дэд бүтэц шугам сүлжээнд зарцуулагдсан хөрөнгө эргэлтэнд оролгүйгээр түгжигдэнэ.

Агаарын бохирдлыг бууруулах нэг гол хүчин зүйл нь төвлөрлийг сааруулах байтал ийм үр дүн харагдахгүй байгаа.

Түүнчлэн яг утааны эх үүсвэрийн голомтоос хэдэн айл орон сууцанд орсон нь тодорхойгүй байна.

Харин бидний санал болгож буй төслийн үр дүнд:

  • Ойрын гурван жилд гэр хорооллоос гарах утааг 17.5 хувиар бодитой бууруулна.
  • Манай төсөлд гэр хорооллоос хамрагдах 30 мянган айлын 30 хувь нь хувьдаа автомашинтай гэж тооцвол гэр хорооллын шороон замаар зорчих машины тоо есөн мянгаар буурна.
  • Төсөл хэрэгжсэнээр хамгийн багадаа 33 мянган айлаар хотын төвийн төвлөрлийг бодитой бууруулна.
  • 33 мянган айлын ипотекийн зээлийн эргэн төлөлт бол зарцуулсан хөрөнгөө эргэж нөхөх сайн талтай. Хүү буурах бололцоо үүснэ.
  • Ипотекийн зээлийн урьдчилгаа  болон барьцаа хөрөнгөгүй боловч тодорхой хэмжээний тогтмол орлоготой иргэд хамрагдах боломжийг бүрдүүлнэ.
  • Нийслэлийн захиргаанаас тодорхойлсон гэр хорооллын дундын болон захын бүсийн айл өрхүүд түлхүү хамрагдсанаар  ипотекийн зээл зорилтот бүлэгтээ илүү хүрнэ" хэмээв.

33 мянган айлын орон сууцны төслийг Буянт-Ухаа 2, Буянт-Ухаа 3, Эко яармаг-1 төслүүд хэрэгжих байршил, Дүнжингарав захаас урагш, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн тийш, Налайхын зам дагуу гэх мэт байршилд хэрэгжүүлэх боломжтой талаар төсөл санаачлагч хэлж байв.

Төсөл санаачлагчид уг шийдлээ танилцуулахаар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд хандан ил захидал хүргүүлж байгаа ажээ.