Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийн өргөдөл авах хугацаа энэ Баасан гарагт дуусгавар болно

О.Булган, iKon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын Сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын УИХ-ын чуулганы энэ сарын хоёрны өдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 10-ны өдөр товлон зарлаж, нөхөн сонгуулийн санал асуулгыг ирэх зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явуулахыг товлон тогтоол гарсан.

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Сонгуулийн ерөнхий хороо энэхүү нөхөн сонгуулийг явуулах тухай хүсэлт болон товыг 2018 онд УИХ-д хүргүүлж байсан удаатай. Гэвч Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэний улмаас хойшлоод байсан юм. 

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр буюу /2019.2.11/-ний өдөр Дээд шүүхэд бүртгэлтэй нийт 31 нам байгаагаас 27-д нь нөхөн сонгуулийн талаарх зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна. Түүнчлэн сонгуультай холбогдож, хуулийн дагуу үүрэг хүлээн ажилладаг албан газруудад мөн зөвлөмжийг хүргүүллээ.

Энэ удаагийн сонгуульд нийт 287.6 сая төгрөгийг зарцуулахаар болсон. Үүний 246.1 сая төгрөг нь Сонгуулийн ерөнхий хорооны нэр дээр, 32 сая төгрөг нь Улсын бүртгэлийн газарт, 8.3 сая төгрөг нь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд зарцуулагдахаар төсөвлөгдсөн.

Харин сонгуульд оролцох нэр дэвшигч болон сонгуульд оролцож буй намын сонгуулийн зардлын дээд хэмжээг Аудитын ерөнхий газраас нөхөн сонгууль явагдахаас 120 хоногийн өмнө буюу гуравдугаар сарын нэгний өдөр гэхэд тогтоосон байх болно. Бусад сонгуулийн үйл ажиллагаанууд Сонгуулийн тухайн хуулийн дагуу явагдах болно.

Хэнтий аймагт явагдсан 2016 оны сонгуульд 16,459 иргэн оролцож байсан ба тухайн үед сонгуулийн ирц 80 хувьтай байсан. Харин энэ удаагийн сонгуульд Улсын бүртгэлээс ирүүлсэн мэдээллийн дагуу нийт 17,450 сонгуулийн насны оролцох иргэн бүртгэлтэй байна" хэмээлээ.

Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд аймгийн төв болох Хэрлэн сум, Мөрөн, Жаргалтхаан гэсэн гурван сумд нийт 21 ажлын хэсэг гарч, санал хураалтын ажлыг 500 гаруй хүний тусламжтайгаар явуулах юм байна.

Түүнчлэн нөхөн сонгууль явуулах ажлыг ийнхүү түргэвчлэн зохион байгуулах болсон нь УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой талаар зохион байгуулагчид онцолж байлаа.

Тодруулбал, төрийн албан хаагч, төрийн өмчийн компанийн захирал, дэд захирал, болон төрийн өмчийн оролцоотой компанийн захирал, дэд захирал гэсэн нэр бүхий албан тушаалтнууд сонгуульд нэр дэвших болсон тохиолдолд сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор тухайн нэр дэвших сонирхолтой байгаа хүнийг томилдог албан тушаалтанд өргөдөл гаргах тухай өөрчлөлтийг оруулжээ.

Тус хугацаа энэ Баасан гарагт буюу 15-ны өдөр дуусгавар болж байгаа бөгөөд нэр дэвших сонирхолтой хүмүүс Сонгуулийн хуулийн дагуу өргөдлөө өөрийн томилдог албан тушаалтанд хүргүүлсэн байх шаардлагатай болж байгаа юм.