Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

"БЗД-ийн иргэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад төлөөлөлгүй гурван жил болж байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

БЗД-ийн дахин сонгууль, сонгуультай холбоотой шүүхийн шийдвэрүүд, Сонгуулийн тухай хуультай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй Нийслэлийн МАН-ын удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлээ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргын хувиар энэхүү мэдээллийг хийж буйгаа тайлбарласан юм.

Тэрбээр “Баянзүрх дүүргийн иргэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад өөрсдийн төлөөлөлгүй бараг гурван жил болж байна. Хуулийн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрээр хоёр тойрогт Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг нь тогтоосон.

Тухайн хоёр тойрогт дахин сонгууль явуулах шийдвэр гараад, хоёр шатны шүүх нь сонгуулийг хойшлуулж явсаар байгаад сая гуравдах шатны шүүхийн шийдвэр гарсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн хоёр тойрогт энэ гуравдуаар сард дахин сонгууль явуулах шийдвэр гарсан. 

Гэтэл Ардчилсан намаас нэр дэвшигчид уг сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлж чадаагүйн улмаас шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг үндэслэлээр Улсын дээд шүүхэд энэ сонгуулийг хойшлуулахаар хандсан. 

УДШ энэхүү шинээр илэлсэн нөхцөл байдал гэдгийг нь энэ Лхагва гарагт хянаж үзэх гэж байгаа. Хэрэв УДШ шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзвэл Баянзүрх дүүрэг энэ сонгуулийн хугацаанд Засаг даргагүй, ИТХ-гүй явах нь. 

Бид үүнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хардаж байгаа. Түүний хүү Эрдэнэ Баянзүрх дүүргийн ИТХ-д сонгогдсон. Хэрэв энэ тойрогт бусад намууд ялалт байгуулбал Баянзүрх дүүргийн АН ялагдах учир шалтгаантай байгаа учраас экс Ерөнхийлөгч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нөлөөлөөд байна гэсэн хардлага бидэн байгаа. 

Тиймээс маргааш болох шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг зүйлийг зөвөөр авч хэлэлцээсэй гэж хүсч байна” гэлээ.