Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Гонзог” ерөөл айлдах буяны үйл ажиллагаанд сүсэгтэн олныг урилаа

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

XVII жарны шороон нохой жилийн өвлийн сүүл сарын битүүний өдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн хонь цагт ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн дээрхийн гэгээнтэн Эрдэнэ Зая Бандида хутагт Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний VII дүрд  зориулж, хоёрдугаар сарын 13-15-ны хооронд “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон байна. Тиймд энэхүү ерөөл, буяны үйл ажиллагаанд сүсэгтэн олныг өргөнөөр оролцохыг МБШТ Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшиг дацан, шавь нарын төлөөлөл уриаллаа. 

Архангай аймагт нутаглуулж буйн учир нь анхдугаар Зая Лувсанпиранлай гэгээнтнээс авхуулан тус аймагт нутаглуулдаг байсантай холбоотой

 
Гэрэл зургийг MPA.mn

VII Зая гэгээний тухай Гүшог дацангийн тамгын лам Э.Батсайхан "Эрдэнэ Зая Бандида хутагт Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний VII дүр нь 1999 оны туулай жилд Сарэ, Брайвун тэргүүтэй хийд орноор саатан морилж байхад Энэтхэг Төвдийн гэгээн хутагтууд, эгэлгүй номт номын мэргэдүүд “Монголын Зая Бандида хутагт” залран ирлээ хэмээн сүсэглэн залбирч урьд дүрүүдийн ач гавьяаг нэхэн санагалзаж байсан явдал нь Зая Бандида хутагт нар Монголын төдийгүй Бурхан шашинт орнуудад номын далай хутагт хэмээн алдаршиж байсныг илтгэн харуулж байсан юм. Архангай аймагт нутаглуулж буйн учир нь анхдугаар Зая Лувсанпиранлай гэгээнтнээс авхуулан тус аймагт нутаглуулдаг байсантай холбоотой. Тиймд “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагаанд сүсэгтэн олныг өргөнөөр оролцож, буян хураана гэдэгт итгэлтэй байна. Шавь нарын зүгээс ч мөн адил энэхүү ерөөл буяны ажилд итгэл үнэмшилтэйгээр оролцох нь зүй ёсны хэрэг билээ" хэмээн ярилаа.

МБШТ Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшиг дацан, Шавь нарын төлөөлөл хэлэхдээ VII Зая гэгээн нь өмнөх дүрүүд Зая гэгээний адилаар Монгол орны шашин номын үйлсийг тэтгэж, шавь олноо таалал нигүүсэлдээ болгоож, сүсэгтэн олны сайн сайхны төлөө бүхнээ зориулсан Монгол Бурхан шашны гурван зулын нэг байсан гэдгийг онцлон хэлсэн төдийгүй таалал төгссөн явдалд гүнээ гашуудан эмгэнэл илэрхийлж байгаагаа хэлсэн юм.

 “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааны тухайд: 

2019.02.13 буюу шинийн 8-нд 09:00-12:00 цагт /Гандантэгчэнлин хийдэд/

  • Зая гэгээний лагшин шүтээнд мөргүүлэх, хүндэтгэл үзүүлэх
  • Ерөөлийн хурал
  • Маани хөгжөөл /Гандантэгчэнлин хийд, Идгаачойзинлин дацан/ 

2019.02.13 буюу шинийн 8-.эд 12:00-23:00 цагт 

  • Зая гэгээний лагшин шүтээнийг Архангай аймаг, Заяын хүрээнд залах

2019.02.14 буюу шинийн 9-нд 09:00-19:00 цагт 

  • Зая гэгээний лагшин шүтээнд мөргүүлэх, хүндэтгэл үзүүлэх
  • Ерөөлийн хурал
  • Жамбалцанжод хурж хонох /Архангай аймгийн төв музей, Заяын хүрээ/

2019.02.15-нд 07:00-11:00 цагийн хооронд 

  • Зая гэгээний лагшин шүтээнийг хайлах, жинсрэг өргөх 
  • Залбирал ерөөл /Архангай аймгийн Заяын хүрээ/