Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Наранбаатар: Нүүрсний үнэ 20-30% өсөх магадлал өндөр байна

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын нүүрсний импортын 44%-ийг нийлүүлдэг хамгийн том тоглогч болох Австрали улсад нэгдүгээр сарын 31-нээс хойш найман өдрийн турш тасралтгүй орсон хүчтэй борооны улмаас үерийн аюул нүүрлээд байна. Байгалийн энэхүү гамшиг Австрали улсын байгалийн баялгийн нийт экспортын 70, нүүрсний үйлдвэрлэлийн 68%-ийг дангаар бүрдүүлдэг Күйнсланд мужийг дайрснаар төмөр зам үерийн усанд автаж, түүхий эдийн нийлүүлэлт зогсчихоод байгаа юм.

Монгол Улс БНХАУ-ын нүүрс импортлогч хоёр дахь улс. Урд хөршийн нүүрсний зах зээлд нийлүүлэгчийн хувьд манай улстай ана мана өрсөлддөг Австралид ийнхүү байгалийн гамшиг нүүрлэж, олон хүн орон гэргүй болж, сая сая долларын хохирол учраад байгаа нь таагүй мэдээ. Гэвч тэртээ холын тивд тохиолдсон энэ гамшиг Монголын нүүрсний зах зээлд богино хугацааны алтан боломж дагуулж байгааг мэргэжилтнүүд өлгөж авч байна. Тухайлбал, Австрали дахь үерийн аюулаас гадна хоёр ч хүчин зүйл Монголын нүүрсийг үнэд хүргэх таатай нөхцөл үүсгэснийг эдийн засагч Л.Наранбаатар жиргээндээ эш татжээ. Нүүрсний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар түүнтэй ярилцлаа.


-Австрали улсад нүүрлээд буй байгалийн гамшиг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшид нөлөөлж байна. Манай улсад таатай нөлөө үзүүлэх үнийн энэ өсөлт хэдий хугацаанд хадгалагдана гэж та харж байна вэ?

-Өмнө нь иймэрхүү хэмжээний үер болоход Австрали улс арга хэмжээ авч, 3-4 сарын хугацаанд хэвийн горимд нь шилжүүлж чадаж байсан бөгөөд эрсдлээс хамгаалах механизмаа жил бүр сайжруулж ирсэн. Миний төсөөлж байгаагаар дор хаяж сар хагасын хугацаа шаардах болов уу. Энэ хугацаанд Австрали, Күйнсланд мужаас Хятад болон өөр бусад улс руу экспортолж байгаа нүүрсний хэмжээ тасалдана гэсэн үг.

-Австралид үер болсон нь манай улсын нүүрсний зах зээлд ашигтай гэж та үзсэн байсан. Өмнө нь үр ашгаа өгч байсан удаатай. Гэвч таны харж байгаачлан сар гаруй гэдэг нь тийм ч урт хугацаа биш. Ийм хугацаанд манай улс маневр хийж, ашиг олох боломжтой юу?

-Ер нь сүүлийн 15 жилд Австралид таван ч удаа иймэрхүү үер, далайн шуурга болсноор коксжих нүүрсний үнэ 150-380 ам.доллар хүртэл огцом өссөн байдаг.

Түүнээс гадна энэ удаа их онцлог үе таарч байна л даа. Тодруулбал, Цагаан сарын дараа БНХАУ энэ жилийн буюу ирэх улирлуудын нүүрсний үнээ нийлүүлэгчидтэйгээ тогтдог. Ийм моментум үед үнэ өсөх нөхцөл үүссэн нь манай улсын хувьд алтан боломж.

-Урд хөршид нүүрс нийлүүлэгч Австралид болсон үерээс гадна үнэ өсөх өөр хоёр нөхцөл үүсээд буйг та дурдсан байсан. Энэ тухайгаа тайлбарлахгүй юу?

-Тийм ээ. Нэгдүгээрт, коксжих нүүрсний гол нийлүүлэгч Күйнсланд мужийн гамшгийн асуудал.

Хоёрдугаарт, “Coal Mongolia”-г хамтран зохион байгуулсан, нүүрсний салбарын судалгааны томоохон байгууллага болох Хятадын SXcoal.com-ийнхны бидэнд өгч буй мэдээллээр БНХАУ-ын хэрэглэгчид Цагаан сарын өмнө нүүрснийхээ нөөцийг хангалттай бүрдүүлж чадаагүй. Тиймээс Цагаан сарын дараанаас татан авалтаа огцом нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгааг хэлж буй.

Гуравдугаарт, АНУ болон БНХАУ-ын худалдааны дайн удаан хугацаанд үргэлжилж мэдэхээр байна. Учир нь худалдааны дайныг нэг тийш шийдэх хоёр орны оролдлого улам тодорхойгүй байдалд хүргэж, зургаадугаар сар хүртэл энэ хэвээр үргэлжилж магадгүй нь. Энэ дайн зөвхөн хоёр том гүрний асуудал биш, АНУ болон БНХАУ-тай хамааралтай  улс орнуудад нөлөөлж байгааг бид харж байна.

Тухайлбал, оны өмнө Австрали улс Хятадын Huawei гар утсыг 5G сүлжээндээ ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан. Үүнийгээ австраличууд “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс” хэмээн дипломат байдлаар тайлбарласан ч цаанаа АНУ-ын шахалт гэж харж байгаа. Хариуд нь Хятад мөн коксжих нүүрсэнд нь “дипломат хориг тавьсан”. Он гарахаас 40-өөд хоногийн өмнө “Манай улсын импортоор авах коксжих нүүрсний хэмжээ болсон. Хил гаалийн шинэчлэл хийж байна” гэсэн боловсон шалтаг хэлээд импортоо царцаасан. Ингээд хэсэг хугацааны дараа нүүрс импортолж эхэлсэн ч хэд хэдэн боомтоороо Австралийн нүүрсийг одоо ч оруулахгүй байгаа.

Ил биш хэдий ч АНУ-ын нөлөөнд байдаг Австрали, Канад зэрэг улс далд байдлаар Хятадад шахалт үзүүлж байгаа учраас эсрэг арга хэмжээ авч байна шүү дээ.

Эдгээр үндэслэл коксжих нүүрсний үнэ өсөх нь тодорхой гэдгийг харуулж байна.

-Манай улсын нүүрсний үнэ хэдий хэмжээнд өснө гэж харж байна вэ?

-Цагаан сарын дараа БНХАУ ирэх улирлуудын үнээ тогтох хугацаа энэ үед давхцаж байгааг дээр дурдсан. Энэ торгон үеийг олон улсын зах зээлд IPO хийх гэж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани овжин ашиглаасай. Уурхайн ам нөхцөлөөр нүүрсээ 68-70 ам.доллараар зарж байгаа ЭТТ компани үнээ 90 ам.долларт хүргэх боломж гараад ирлээ шүү дээ.

Цагаан сарын өмнө буюу долоо хоногийн өмнөх байдлаар манай экспортын нүүрс гардаг хоёр гол боомтын нэг Бугатад нүүрсний үнэ тонн тутамдаа 230 ам.доллар байгаа бол Шяньсид 250 ам.доллартай байв. Хятадын зүүн эрэгт 240 ам.доллар. Удахгүй шинэ үнэ тогтох нь. Монголын хувьд “Эрдэнэс Тавантолгой” уурхайн амнаас нүүрсээ 70 ам.доллараар зарж байгаа бол “Энержи ресурс” 175 ам.доллараар гаргаж байна.

-Үнэ ингээд өсчихдөг юм байж. Гарцаа харин манай улс хэр сайжруулж чадах бол?

-“Эрдэнэс Тавантолгой” компани IV давхаргын нүүрс рүүгээ нэлээд цөмөрч орох уулын ажлын төлөвлөгөө боловсруулсан байсан. Өөрөөр хэлбэл, бараг байгалиараа баяжчихсан шахуу коксжсон, угаавал 92-96 хувийн гарцтай коксжих нүүрсний сор хэсгээ олборлох юм билээ.

Нэг талаар, дан нэг давхаргын чанартай нүүрсээ 2019 онд сорчлоод, нөгөө талаар гадаад  зах зээлд нүүрсний үнэ өндөр байх тул “Эрдэнэс Тавантолгой”-н ашиг энэ жил илүү нэмэгдэх урьдчилсан дүр зураг харагдаж байна. Гэхдээ энэ боломжийг хэрхэн ашиглахаас хамаарах болов уу.

-Гарц гэдгийг төмөр замтай холбон асууж байгаа юм. Төмөр замгүйгээр бид хэдий сайхан боломж байгаад ч төдийлэн их өгөөж хүртэж чадахгүй гэх хүн олон байна. Энэ талаар ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Мэдээж илүү их ашиг хүртэх байсан. Зөвхөн төмөр зам бариагүйгээс алдагдсан боломжийг аваад үзье. 2018 онд “Эрдэнэс Тавантолгой” 720 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа, уурхайн амнаас нүүрсээ 70 орчим долларын ханшаар зараад шүү дээ. Хэрэв төмөр замтай байсан бол уурхайн амны үнэ 100 ам.доллартай дүйх байв. Буюу нэг тонн нүүрс тутамд 30 ам.долларын илүү ашиг олох боломж байж.

2018 онд ЭТТ 10 сая тонн нүүрс экспортолсон гэж тооцвол 300 сая доллар буюу 780 орчим тэрбум төгрөг ахиу олох байлаа. Энэ мөнгийг хувьцаа эзэмшиж байгаа 2.5 сая хүндээ хуваахаар нэг хүнд 312,000 төгрөг ногдол ашиг болгон өгч болох байв. Харин одоо 20-30 мянган төгрөгийн ногдол ашиг өгөх тухай урьдчилсан яриа гараад буй.

-Хувьцааны ногдол ашгийн талаар иргэд Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн байр суурь олон нийтийн сүлжээнд давамгайлж байгаа нь ажиглагдсан. 20-30 мянган төгрөг тараагаад хэрэг байна уу гэж. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Би эдийн засагч хүний хувьд ЭТТ компанийг илүү урт хугацаанд, өрсөлдөх чадвартайгаар  ашиглаасай хэмээн сэтгэл чилээж суудаг хүний нэг. Ийм байхын тулд компанид хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүний тулд дор хаяж 3-4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснээр баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, төмөр замаа барьж, хил гаалийн үйл ажиллагааг сайжруулах боломжтой.

Тийм ч учраас IPO хийж, мөнгө олох талаар 2016 оноос хойш бараг гурван жил ярьж байгаа шүү дээ. Ингэж байж сая ЭТТ-н үр ашиг нэмэгдэж, нүүрснийх нь нөөц зөвхөн Баруун, Зүүн Цанхи дээр 1.5 тэрбум тонноор хэмжигдэх буюу 70 жилийн ашиглалтын тухай ярих боломжтой болно. Харин энэ хөрөнгө оруулалт хийгдэхгүй бол үндсэндээ найман жил энэ уурхайг сорчилж ашиглаад, сэглээд хаяна гэсэн үг.

Иймээс л мөнгө, хөрөнгө оруулалт хэрэгтэй гээд өчнөөн ажил өрнүүлээд явж байгаа атлаа хуримтлуулсан хөрөнгөө ногдол ашиг гэж цацаад дуусгахаар завдаж байгаа нь логикийн хувьд зөрчилтэй харагдаад байгаа юм. Нөгөө талаар, Засгийн газар үндсэндээ IPO хийх хүсэлгүй, харин улс төрийн шалтгаанаар ба дараагийн сонгуульдаа зориулж ногдол ашиг нэрээр аманд ч үгүй, хамарт ч үгүй мөнгө тараагаад дуусах юм байна.

Би “1,072 хувьцааны талаар мэдээлэл солилцох групп” хэмээх хувьцааны үр ашгийг дээшлүүлэх арга замын талаар хэлэлцдэг 70,000 гишүүнтэй групп дээр яг энэ талаар санал асуулга явуулахад 2500 орчим хүн орлолцсон. Тэдний 1,100 нь “Ногдол ашиг өгч байхаар төмөр замаа бариач” гэсэн бол 900 орчим нь “Баяжуулах үйлдвэрээ барья” гэж байгаа юм. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 300 орчим нь “Ногдол ашгаа авья” гэсэн бол 200 гаруй нь “Мэдэхгүй байна” гэж хариулсан. Иргэдийн хүслийг эндээс тод харж болж байна.

Харамсалтай нь сонгуулийн угтвар жил залгаад байгаа энэ үед Ерөнхий сайдын хийсэн мэдээлэл IPO хийх хүсэлгүй байгааг илтгэсэн. Түүнчлэн Д.Сумъяабазар сайд ажлаа аваад 180 хоногийн дотор ЭТТ-г дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай уурхай болгоно гэсэн. Энэ хугацаа нь ерөнхийдөө өнгөрчихлөө. Одоо яг юу болж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэх хэрэгтэй, яг яах гэж байгаа тухайгаа.

-Хамгийн чанартай нүүрсний давхаргаа сорчилж олборлох тухай дээр дурдсан. Энэ нь уурхайн үр ашгийн хувьд хэр оновчтой гэж үзэж байна вэ?

-Ингэж олборловол алсдаа уурхайн нөөцийг баллах тийш хандана. Уг нь зах зээлийн үнэ өндөр байгаа ийм үед V ч юм уу, 0 давхарга зэрэг коксжих нүүрсний гарц багатай давхаргуудаасаа олборлож холиод, дундажлах замаар нүүрсээ илүү өндөр үнээр зарах бололцоо нь одоо байгаа юм. Гэхдээ 2019 он сонгуулийн өмнөх жил учраас улс төрийн менежмент түлхүү явдаг тус компанийн хувьд нөөцөө сорчилж ашиглаад, ашгаа өндөр байлгахаас өөр замгүй юм байна гэж харж байна. Энэ бодлого алсдаа Тавантолгойн ордын урт хугацааны ашиглалтад ихээхэн гай авчирна.

-Хятадын 2019 оны нүүрсний импортын хандлага ямар байгаа вэ?

-БНХАУ 2019 онд 75 сая тонн нүүрс импортоор авах урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Ерөнхийдөө жилд 75-80 сая тонн нүүрсийг Австрали, Монгол, ОХУ, Индонез, Канад гэсэн таван улсаас авч буй.

Энэ жилийн хувьд ОХУ-аас авдаг нүүрсний хэмжээ нь өмнөх жилээс хоёр дахин нэмэгдэнэ гэсэн таамаглалыг "Фэнвэй Энержи" компани гаргаад байна. Өөрөөр хэлбэл, бид Австрали улсыг өрсөлдөгч гэж хардаг байсан бол ОХУ Монголын хувьд Австралитай эн зэрэгцэхүйц хэмжээнд зах зээл хуваах өрсөлдөгч болж мэдэхээр байгааг соргог ажиглаж, хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй болсон гэсэн үг.

-Энэ жил бүр 42 сая тонныг экспортолно гээд төлөвлөчихсөн байгаа шүү дээ. Төсөвт төвлөрүүлэх орлогоо үнийн энэ өсөлтөөс олж болох юм. Харин зорьсон хэмжээндээ хүрч чадах болов уу. Эрсдэл ажиглагдаж байна уу?

-Энэ онд 42 сая тонн нүүрс экспортолж, улсын төсөвт 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэсэн. Хоногт 1,500 орчим машин урд хөрш рүү гарч байж энэ хэмжээнд хүрнэ гэсэн үг. Гэвч он гарсаар эхний сард хилээр гарсан нүүрсний хэмжээ эрс буурсан. Нэгдүгээр сарын байдлаар хоногт 350 орчим машин л хилээр нэвтэрсэн үзүүлэлттэй. Энэ нь сүүлийн хоёр жилийн дунджаас нэлээд доогуур дүн.

Нөгөө талаар, ОХУ-аас Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдэж, өрсөлдөөний орчин улам ширүүснэ. Тэгэхээр 42 сая тонн нүүрсээ нийлүүлэх тоон хэмжээнд хүрэхэд ээдрээтэй. Тиймээс 1.3 их наяд төгрөгийн төсвөө бүрдүүлэхийн тулд 200 орчим долларын үнээр зарагдаж байгаа баяжуулсан нүүрс түлхүү гаргах хэрэгтэй.

Өнгөрсөн оны экспортод анализ хийхэд үндсэндээ 15 орчим хувь нь баяжуулсан нүүрс, 85 хувь нь 60-70 долларын түүхий нүүрс байгаа юм. Тооноос чанарт шилжиж, баяжуулсан нүүрсээ ядаж 15 сая тоннд хүргэж гаргая.

“Мак”, “Өсөх зоос” баяжуулах үйлдвэрээ барьчихлаа. “Энержи ресурс” үйлдвэртэй. “Монэнкон” баяжуулах үйлдвэрийн зураг төсөл ТЭЗҮ-гээ дуусгаад буй. Энэ нь манай улс хөгжлийнхөө дараагийн шат буюу баяжуулсан нүүрс зарах үе шат руу гаа 2019 оноос орж эхлэхийг энэ бүхэн харуулж байна.