Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн баян хүний нүцгэн зургийг тойрсон маргаан үргэлжилж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Жэф Безос, Лорен Санчез нар

Өнгөрсөн долоо хоногт Амазон компанийн гүйцэтгэх захирал, манай гарагийн хамгийн баян хүнд тооцогддог Жэф Безос өөрийнх нь нүцгэн зургийг дэлгэнэ гэж сүрдүүлсэн National Enquirer сэтгүүлээс ирсэн имэйлүүдийг хувийн блогтоо дэлгэсэн юм.

National Enquirer бол дуулиантай мэдээ, баримтууд нийтэлдэг “шар хэвлэл”-ийн төлөөлөгч. Өнгөрсөн сард Безос 25 жил хамт амьдарсан эхнэрээсээ салж байгааг зарласны дараа тус сэтгүүл түүнийг телевизийн хөтлөгч Лорен Санчезтай холбоотой болсныг анх удаа дэлгэж, хоорондоо харилцаж байсан мессэжүүдийг нь ил болгосон юм.

 Үүний дараа Безос National Enquirer сэтгүүлийг эзэмшигч American Media Inc (AMI) компани хэрхэн хувийн мессэжүүдийг нь олж авсныг аюулгүй байдлын мэргэжилтнүүдээр шалгуулж эхэлжээ.

Хариуд нь AMI компанийн хуульчид түүнийг шалгалтаа зогсоохгүй бол Санчезтай солилцож байсан нүцгэн зургуудыг нь ил болгоно гэж сүрдүүлсэн байна. Тэдэнд Безосын угаалгын өрөөнд зөвхөн банны алчуураар биеэ халхалсан байгаа зураг, Санчезийн хагас нүцгэн зурагнууд байгааг имэйлд өгүүлсэн байв. Үүний дараа Безос олон нийтэд хандсан юм.

National Enquirer сэтгүүлийн хуульчдаас ирсэн имэйлүүдийг Пүрэв гарагт дэлгэхдээ Безос AMI компанийн гүйцэтгэх захирал Дэвид Пекэрийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ойр харилцаатай хүн тул улс төрийн зорилгоор ийм мэдээлэл тарааж байж болзошгүй гэж сэжиглэсэн байна.

Безосын эзэмшдэг Washington Post сонин Дональд Трампыг хүчтэй шүүмжилдэг, мөн Трамп Амазон компанийг Америкийн шуудангийн системийг хэт хямд үнэ тарифаар ашиглаж байгаа хэмээн хэд хэдэн удаа шүүмжилж байсан нь тэдний хоорондын зөрчлийг харуулж байгаа юм.

AMI компанийн босс Дональд Трамптай ойр ажилладаг нь батлагдаж байсан. Тухайлбал 2016 оны сонгуулийн өмнө Плэйбой сэтгүүлийн модел Карен Макдугалсын 2006 онд Трамптай уулзаж байсан түүхийг нийтлэх онцгой эрхийг AMI компани $150,000-аар худалдаж авсан ч нийтлээгүй өнгөрсөн юм.

Үнэндээ Трампын нэр хүндэд халтай, сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүй баримтыг AMI худалдаж аваад хав дарсан гэсэн үг.

Үүнээс гадна Саудын Арабын эрх баригчид хувийн мессэжийг нь тагнах ажилд оролцсон байж магадгүй хэмээн сэжиглэж байгаагаа Безос бичжээ. Учир нь өнгөрсөн онд сэжигтэй байдлаар алагдсан сэтгүүлч Жамал Хашогги Washington Post сонинд Саудын эрх баригчдын бодлогыг шүүмжилсэн нийтлэлүүдээ хэвлүүлдэг байв.

Тэгвэл Саудын Арабын гадаад хэргийн сайд Адел Аль Жубейр өчигдөр АНУ-ын телевизийн сувгаар ярихдаа “Бид энэ асуудалд ямар ч хамаагүй. Надад энэ бүхэн савангийн дуурийн үйл явдлыг санагдуулж байна” гэж мэдэгджээ.

Безос имэйлүүдийг олон нийтэд дэлгэсний маргааш AMI компанийн төлөөлөн удирдах зөвлөл мэдэгдэл гаргаж, хувийн мессэжийг тагнаж чагнах ажилд компанийн удирдлагууд оролцсон эсэхийг шалгахаар болсноо мэдээлсэн юм.

Мэдэгдэлд “AMI ноён Безосын тухай мэдээллийг нийтлэхдээ хууль ёсны дагуу ажилласан гэдэгт бид итгэлтэй байна. Гэхдээ удирдах зөвлөл түүний гомдлыг хүлээн авч, нарийвчлан шалгах ёстой гэж үзэж байна. Шалгалтын ажил дууссаны дараа бид шаардлагатай арга хэмжээг авах болно” гэж өгүүлжээ.

 

Эх сурвалж: Business Insider