Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзоригийг томилжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шинэ гишүүдийг томилох шийдвэрийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар гаргасан юм. Шинээр томилогдсон гурван гишүүний хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл болон сонгогдож буй бол нэг гишүүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлэн томилсон.

Бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн Төрийн албаны зөвлөлийн гишүүд Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу даргаа сонгон томиллоо. Зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн, нууцаар  санал хурааж, олонхын санал авсан Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилжээ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮН

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БААТАРЗОРИГ

Б.Баатарзориг багш мэргэжилтэй, боловсролын болон хууль зүйн магистр, Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл  зэрэгтэй, төрийн албанд 30 дахь жилдээ  ажиллаж буй  төрийн жинхэнэ албан хаагч.  Тэрбээр ажлын гараагаа багшийн мэргэжлээр эхэлсэн,аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Төрийн албаны зөвлөлийн  гишүүнээр ажилласан гурав дахь жилдээ тус зөвлөлийн даргын үүрэгт ажилд сонгогдон томилогдож байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН С.ЦЭДЭНДАМБА

Төрийн албаны зөвлөлийн гишүүн бол Самдангийн Цэдэндамба  философич, эрх зүйч мэргэжилтэй, доктор /Ph/ профессор. Төрийн албанд 38 дахь жилдээ ажиллаж буй төрийн албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл. 1981-1997 онд  ШУА-ийн философи, социологи, эрхийн хүрээлэн, МУИС,  Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академи /одоогийн Удирдлагын академи/, УИХ-ын дэргэдэх Судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан,ахлах ажилтан, секторын эрхлэгч, багш, ахлах багш, дэд профессор  багш, 1997-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, зөвлөхүүдийн албаны дарга, Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалуудыг хашиж ирсэн. 2009 оноос Төрийн албаны зөвлөлд ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаад 2016 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.


ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Дорждамбын Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны доктор, Төрийн захиргааны албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл.  Өмнөговь аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, дэд захирал, тэргүүн дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол  Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.ИДЭРЧУЛУУН

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Бадамцоогийн Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажилллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаад Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдож  байна.  


ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Д.БААТАРСАЙХАН

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Должингийн Баатарсайхан нь  Соёл судлаач, Соёлын ажилтан, Төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Соёлын яамны Киноны хэлтэст Техник технологийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн,  Улсын төв номын сангийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Боловсон хүчний хэлтэст  шинжээчийн алба хашиж байсан. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаад  тус зөвлөлийн гишүүнээр сонгогдож байгаа юм.


Б.БААТАРЗОРИГ: ЗӨВД ЗӨӨЛӨН, БУРУУД ХАТУУ, ДУТАГДАЛТАЙ ЭВЛЭРЭХГҮЙ

Төрийн албан төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл  нь хараат бус, бие даасан байгууллага бөгөөд ажлын алба, салбар зөвлөл, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжтэйгээр ажиллахаар Төрийн албаны тухай хуульд тусгасан.  Тус зөвлөлийн үйл ажиллагаанд төрийн бүхий л шатны байгууллага, нам, олон нийтийн төлөөлөл, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглон хуульчилсан онцлогтой.

Төрийн албаны зөвлөлөөс гарч буй шийдвэрийг заавал биелүүлэх  үүргийг төрийн албаны шат шатны байгууллагууд, албан тушаалтан  хүлээж байдаг. Төрийн албаны тухай хуулиа оны эхнээс шинэчлэн мөрдүүлж эхэлсэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлж, шинэ орчин бүрдүүлж, шинэ соёл, шинэ хандлагыг хэрэгжүүлж ажиллах болно гэдгийг шинээр томилогдсон Төрийн албаны зөвлөлийн дарга онцолж байна. Тэрбээр “Монгол Улсын Төрийн албаны зөвлөл бол төрийн ажил, төрийн албаны толь байх ёстой.

Түүнчлэн зөвд зөөлөн, бурууд хатуу ажиллана. Зөрчил дутагдалтай эвлэрэхгүй. Олон  түмэн, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ” гэдгийг анхдугаар хуралдаан дээр тодотгон хэллээ.

 

Эх сурвалж: ТАЗ