Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ээлжит бус чуулганыг гуравдугаар сард хуралдуулна

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган Сар шинийн баярын өмнө хаалтаа хийсэн билээ. УИХ-ын тухай хуульд зааснаар хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх ёстой ч түүнээс өмнө ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар болоод буй. 

УИХ-ын даргын зөвлөлийн хурлаас ээлжит бус чуулган эхлэх хугацаа болон хэлэлцэх асуудлыг тогтооно. УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс ирэх гуравдугаар сарын эхээр ээлжит бус чуулган хуралдана гэсэн мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа гуравдугаар сарын 10-15-ны хооронд ээлжит бус чуулган зарлагдана хэмээсэн

Хэлэлцэх асуудлын тухайд хаврын чуулганы сүүлийн өдөр УИХ-ын даргын зөвлөл хуралдах үеэр Их хурлын дарга Г.Занданшатар “Хаврын чуулганы бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй. УИХ-ын үйл ажиллагаа, дэгийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Мөн Төрийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай болон Татварын багц хуулиудыг хаврын чуулганаар оруулахын тулд хэлэлцүүлэгт бэлдэх хэрэгтэй байна” хэмээсэн юм. 

2018 оны аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн намрын ээлжит чуулганаар 24 асуудал хэлэлцэх тухай УИХ-ын даргын захирамж гарч байсан билээ. Гэсэн ч шинэ он эхлэхэд УИХ хэлэлцэх ёстой асуудлынхаа дөнгөж 20 хувийг л шийдвэрлэсэн байв

Их хурал дахь олонхын бүлгийн хагарал чуулганы хуралдааныг цөөнгүй удаа гацаасан. Тиймээс ч намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлынхаа талыг ч шийдэж чадалгүй орхисон юм. Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад тун бага хугацаа үлдсэн учир ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, тулгамдаж буй асуудлаа шийдэх шаардлага үүсээд байгаа билээ. 

Тиймээс ч 2019 оны хаврын ээлжит чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт, УИХ-ын хурал, Ерөнхийлөгч, ИТХ-ын сонгуулийн тухай болон, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцэн батлах шаардлагатай байгаа юм.    

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд: 

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, 
  2. “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,
  3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,
  4. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  5. “Засгийн газрын өрийн удирдлагын стратеги шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  6. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
  7. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
  8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл,
  9. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
  10. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  11. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  12. Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл,
  13. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  14. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  15. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  16. Өрсөлдөөний тухай хуулийн төсөл,
  17. Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл,
  18. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  19. Өмгөөллийн тухай хуулийн төсөл,
  20. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  21. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл,
  22. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  23. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  24. Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
  25. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
  26. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  27. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  28. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл,
  29. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  30. Бусад.