Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хүмүүс дуг нойрондоо дугжирч байх зуур буюу "Өглөөний гайхамшиг -саятан"

ikon.mn
2019 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Гэрийнхэн минь дулаахан орондоо тухтай гэгч нь дугжирч байх өглөөний анир гүмд “Өглөөний гайхамшиг – Саятан” номыг эргүүлж сууна. 

ӨГЛӨӨ, САЯТАН... Энэ хоёр яагаад холбоотой гэж?! 

Өглөөний цаг хугацаа болон мөнгөний хамаарлыг ойлгох гэсэн хүсэл сонирхол намайг ийн сэрээсэн хэрэг.

Өглөө бүр ид шид агуулж байдаг. 

Өглөө гэдэг яг л олон жилийн турш анзаарч харж байгаагүй нууц мэт. 

Оройтож босоход тэр өдөр хэдийн өнгөрсөн байдаг. Ямар нэгэн зорилго, хүсэл тэмүүлэлгүйгээр өглөөг угтвал тэр өдөр ямар ч ахиц гаргахгүй гэдэг нь хэдийнээ ойлгомжтой болчихсон байдаг... 

Тийм ээ, санал нийлж байна. Гэхдээ яагаад өглөө эртлэн босох эсэх нь мөнгөтэй холбогдоно гэж?! Цааш үргэлжлүүлэв.

Энэ дэлхийн хамгийн түгээмэл санхүүгийн зөвлөгөө бол ЭХЛЭЭД ӨӨРТӨӨ ТӨЛ буюу орж ирсэн орлогынхоо тодорхой хэсгийг хадгалах. Энэ дэлхийн хамгийн хүчирхэг санхүүгийн хэрэгсэл бол нийлмэл хүү. Гэхдээ, ашиг тусыг нь хүртэхийн тулд эхлээд хөрөнгө оруулах, хадгалах мөнгөтэй байх учиртай. Тиймээс эхлээд хадгалахгүй л бол дуусна. Цаг хугацаа ч гэсэн үүнтэй адил. Өөрийгөө хөгжүүлэх нь энэ дэлхийн хамгийн хүчирхэг арга хэрэгсэл. Өглөөний цаг бол өөртөө эрдэм мэдлэг, бүтээмж, тодорхой байдлаар төлбөр хийж байгаагаас ялгаагүй. Хэрвээ өглөөг хөшүүрэг болгон ашиглавал өдрийн хамгийн үр ашигтай хэсгийг хамж авч байгаатай адил. Түүгээрээ илүү ашигтай хөрөнгө оруулалт хийх боломжтой. Үл хөдлөх, ногдол ашиг, хувьцаа, гарааны бизнес гээд энэ дэлхийн бүхий л хөрөнгө оруулалт дотроос өөртөө хийх хөрөнгө оруулалт хамгийн өгөөжтэй. ХАМГИЙН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ ТЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ӨГЛӨӨ Л БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙДАГ!!! 

“ӨГЛӨӨНИЙ ГАЙХАМШИГ – САЯТАН” номыг цааш үргэлжлүүлэн уншвал маш олон саятнууд өглөө эртлэн босдог дадалтайг мэдэж, өглөө болон мөнгөний хооронд ижил төстэй талууд, харилцан хамаарал байгаа нь тодорхой болов. 

Хүн төрөлхтний ухамсрыг өглөө бүр өөрчлөх алсын хараатай, АНУ-ын хамгийн өндөр үнэлгээ бүхий онцлох илтгэгч, цахим орчин дахь хамгийн өндөр өсөлт бүхий гишүүнчлэлтэй “Өглөөний гайхамшиг” бүлгэмийг үүсгэн байгуулагч Хэл Элрод, АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зургаа дахь том компанийн үндсэн эзэмшигч, үл хөдлөхийн салбартай холбоотой 35 гаруй бизнесийг эзэмшиж удирддаг, Нью – Йорк Таймсын шилдэг борлуулалттай номын нэг “Wealth Can’t Wait” /Эд баялаг хүлээхгүй/ номоор дэлхийд танигдсан Дэвид Осборн нарын хамтарсан “Өглөөний Гайхамшиг – Саятан” ном мөнгө санхүүгийн талаарх ойлголтыг минь өөрчилж, өглөөний үнэ цэнийг улам батжуулав. 

  • Чинээлэг буюу чинээлэг болох сонголт хийсэн хүмүүсийн туршлагыг энэ ном тодорхойлж заах болно. Ийм л энгийн. Үгүй ээ, амархан биш. Зүгээр л энгийн. Тухайн туршлагуудыг ямар үнэ цэнтэй болохыг ойлгож, өглөө бүр хамгийн эхэнд хийдэг дадал болгох нь чухал. 
  • Өглөөний гайхамшиг бол нэг цагийн өмнө босч тухайн өдрөө улам урт, хүнд болгохын нэр биш. Тэр ч бүү хэл эрт босох тухай биш бөгөөд харин зүгээр илүү дээр байдлаар сэрэх асуудал юм. 
  • Чинээлэг амьдралд хөтлөх хөрөнгө оруулалтын эхний хичээл: Өглөө бүр хэдхэн хормыг сахилга баттай өнгөрүүлж, орондоо шигдэх бус харин сугарах шийдвэр гаргаснаар насан туршдаа түүнийхээ ногдол ашгийг хүртэх болно.
  • Ихэнх тохиолдолд бид юу хийх ёстойгоо сайн мэддэг. Харин мэдэж байгаагаа тууштай хэрэгжүүлж чаддаггүйд асуудлын учир байна. 
  • Ихэнх хүмүүс амжилтанд хүрсэн хүмүүсийг хараад таны мэдэхгүй зүйлийг мэддэг юм шиг санагдаж, тэрхүү нууцынхаа тусламжтайгаар сайхан амьдраад байна гэж та боддог уу? Тэгвэл энэ худлаа юм шүү. Саятан болон энгийн хүний хооронд нэг л ялгаа байдаг. Энэ нь чинээлэг байх сонголтыг тууштай хийх л юм...

Үнэ цэнтэй үг өгүүлбэрүүд цааш урссаар...

“Таны амжилтын нууц юу вэ?” Энэ асуултыг бид амжилттай яваа хэн нэгнээс огт бодохгүйгээр шууд асуудаг. Нөр их хөдөлмөр, тууштай зан чанар, цөхрөлтгүй тэмцсэн өдөр хоногуудыг нь бид гадарладаг ч үгүй, зүгээр л аз ивээсэн мэт үнэ хүндгүй шууд л асууж орхидог. Тэгвэл, чинээлэг саятнууд ядахдаа л бусдыг дуг нойрондоо дугжирч байх зуур өглөөний цагийг ашиглаж алтан өндөг гаргагч нугасаа халамжилж байдаг байх нь. 

 

Эх сурвалж: "Өглөөний гайхамшиг -саятан" номоос