Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хатан хааны 97 настай нөхөр осол гаргасны дараа жолоо барих эрхээсээ татгалзжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Британий хатан хаан Элизабетын эр нөхөр, ханхүү Филип жолоо барих эрхээсээ сайн дураар татгалзсан тухай Букингэмийн ордны захиргаа Бямба гарагт мэдээлжээ.

97 настай Эдинбургийн гүн нэгдүгээр сарын 17-ны өдөр дорнод Англи дахь өөрийн эдлэнгийн ойролцоо Ланд Ровер загварын автомашин жолоодож явахдаа өөр нэг машинтай мөргөлдсөн юм.

Филип өөрөө гэмтээгүй ч нөгөө автомашинд зорчиж явсан хоёр эмэгтэй хөнгөн бэртэл авсан байна. Мөн уг машинд 9 сартай хүү зорчиж явсан нь азаар ямар ч гэмтэлгүй өнгөрсөн гэнэ.

Хоёр машины жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг тухайн үед шалгалтаар тогтоожээ. Норфолкын цагдаагийн төлөөлөгч Филипийг жолооны үнэмлэхээ сайн дураар буцааж өгснийг, бас хэргийг прокурорт шилжүүлснийг өчигдөр мэдээлсэн байна.

Прокурорын газар хэргийг нарийвчлан шалгасны эцэст эрхэм дээдэст ямар нэг шийтгэл оноох үгүйгээ шийднэ гэжээ. Гэмтсэн эмэгтэйд уучлал гуйсан захидал илгээсэн Филип нарны гэрэлд нүд нь гялбасны улмаас осол хийснээ тайлбарласан байна.

Британид автомашины жолоо барихад насны дээд хязгаар тогтоодоггүй. Гэхдээ 70-аас дээш насны жолооч нар гурван жил тутамд үнэмлэхээ шинэчлүүлэхдээ жолооны ард суухад эрүүл мэндийн байдал нь нөлөөлөхгүй болохыг батлан харуулах үүрэгтэй байдаг ажээ.

 

Эх сурвалж: Associated Press