Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Мадурогийн засгийн газар олон улсын тусламж Венесуэльд ирэх гүүрийг хаажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Венесуэльд гадаадаас ирэх хүмүүнлэгийн тусламжийг саатуулахын тулд Мадурогийн засгийн газар Колумбийн хил дээрх гүүрээ хаажээ.

Өнгөрсөн Лхагва гарагт хэвлэлүүдээр тарсан гэрэл зурагт Колумбийн Кукута хотын гадна орших Тиендитас гүүрний зорчих хэсэгт ачааны чингэлэг, шатахууны сав хөндлөн тавьсан байгааг харуулсан юм.

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжиж байгаа АНУ, Канад улсууд тус улсын ард иргэдэд олон сая долларын тусламж амлаж, түрүүч нь хөрш Колумбийн нутагт ирээд байгаа.

Харин ерөнхийлөгч Николас Мадуро гадаадын тусламжийг эзлэн түрэмгийлэлтэй адилтгаж, Венесуэль бол “гуйлгачин улс” биш гэж мэдэгдээд байна.

Хэрвээ тусламжийн ачааг хүлээж авбал түүний өрсөлдөгч Хуан Гуайдод том давуу тал бий болох нь тодорхой. Олон жил үргэлжилсэн эдийн засгийн хямрал, инфляцийн хэт өсөлтийн үр дүнд Венесуэлийн иргэд хоол хүнс, эм тариагаар гачигдаж байгаа.

Тэдний зарим хэсэг нь хөрш Колумби улс руу хууль бусаар хил давж, амьдралын наад захын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг олж авдаг.

Венесуэлийн зэвсэгт хүчнийг өөрийн талд урвуулахаар оролдож байгаа Хуан Гуайдо гадаадын тусламжийн бараа ирэх замыг хаасан Мадурогийн шийдвэрийг хөшүүрэг болгон ашиглахыг хичээж байна.

Тэр саяхан олны өмнө үг хэлэхдээ армийнханд хандаж “Та нар гэр бүлдээ тусламж авахыг хүсэхгүй байна уу? Шийдэх цаг боллоо, цэргүүдээ” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Quartz