Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Молдовын экс ерөнхий сайдын хүүгийн Британи дахь $650 саяын хөрөнгийг хураажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Лука Филат

Их Британий шүүх Молдов улсын ерөнхий сайд асан Владимир Филатын хүүгийн дансанд байсан $650 саяын хөрөнгийг хураах шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Лондон хотын баруун дүүрэгт тансаг ангиллын орон сууцны түрээсэнд $500,000-ыг урьдчилж төлөөд байсан Лука Филатын хөрөнгийг “эцгийнхээ хууль бус үйл ажиллагаанаас олсон” гэж Британий үндэсний цагдаагийн газрын дүгнэлтэд өгүүлсэн байна.

2009-2013 онд ерөнхий сайдын албыг хашихдаа Молдовын банкнуудаас $1 тэрбумыг хулгайлсан Владимир Филат 2016 оны долдугаар сард есөн жил шоронд хоригдох ял сонссон юм. Алдагдсан мөнгө нь Европын хамгийн ядуу улс гэгддэг Молдовын үндэсний нийт бүтээгдэхүүний 10 орчим хувьтай тэнцэж байв.

2016 оны дундуур сургуульд сурахаар Лондонд нүүж ирсэн 22 настай Лука Филатын тансаглал хуулийнхны анхаарлыг татаж байжээ. Зөвхөн нэг жишээ дурдахад тэр нэг удаа $259,000-аар Бентли үйлдвэрийн автомашин худалдан авч байв.

Британид ямар нэг орлогын эх үүсвэргүй Лукагийн гурван дансанд Турк, Кайманы аралд бүртгэлтэй компаниуд мөнгө шилжүүлж байгааг хуулийнхан мөрдлөгийн явцад олж тогтоожээ.

Түүний данснуудыг Британий мөрдөгчид өнгөрсөн оны тавдугаар сард битүүмжилсэн юм. Харин өчигдөр шүүхээс мөнгө угаах явдалтай тэмцэх шинэ хуулийн дагуу эдгээр дансанд байгаа мөнгийг хураах шийдвэр гаргасан байна.

Их Британий эрүүгийн хуулийн 2017 оны шинэчилсэн хувилбарт эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөний дансыг битүүмжлэх эрх мэдэл шүүхийнхэнд олгогдсон юм.

Өнгөрсөн онд Азербайжаны банкны захирал асны эхнэр Замира Хажиевагийн дансыг битүүмжилж, шинэ хуулийн заалтыг анх удаа хэрэгжүүлж байжээ. Түүний нөхөр Жахангир Хажиев луйвар, өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр Азербайжаны шоронд 15 жил хоригдох ял эдэлж байгаа юм.

Азербайжаны хуулийнхан одоо Замира Хажиеваг Британиас шилжүүлж авахаар ажиллаж байна. Британид үйл ажиллагаа явуулдаг авлигатай тэмцэх төрийн бус байгууллага Global Witness одоо Молдовын ерөнхий сайд асны хүүгээс төлбөр авсан байгууллага, хувь хүмүүсийг шалгаж, ил болгохыг эрх баригчдаас шаардаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: AFP