Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Фэйсбүүк 15 нас хүрч байна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том сошиал сүлжээнд тооцогддог Фэйсбүүк 2004 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Харвардын их сургуулийн дотуур байранд байгуулагдаж байжээ.

Марк Зукербэргийн байгуулсан сошиал сүлжээ өнөөдөр дэлхийн 2.3 тэрбум гаруй хүний хэрэглээ болоод байна. Гэвч тус компани хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалахаас илүү олон хүн татах өсөлтийн бодлого явуулж ирсэн нь сүүлийн жилүүдэд хүчтэй шүүмжлүүлж байгаа.

Тус компанийн хэрэглэгчдийн хувийн мэдээлэл санаатай болон санаандгүй байдлаар бусдын гарт орсон асуудлууд сүүлийн жил гаруй хугацаанд илэрсэн юм. 

Өнөөдөр Фэйсбүүк нь Гүүглийн дараа онлайн зар сурталчилгаанаас орлого олдог хоёр дахь том компани болоод байна. Өнгөрсөн жил тус компанийн хувьд хүнд хэцүү жил байсан ч Фэйсбүүкийн 2018 оны ашиг $22 тэрбумд хүрч дээд амжилт тогтоожээ. Борлуулалтын орлого нь $55 тэрбум болсон юм.

Олон нийтийн шүүмжлэлийг хүлээн авсан Фэйсбүүк хүмүүсийн итгэлийг сэргээхийн тулд 30 гаруй мянган ажилтныг “мэдээллийн аюулгүй байдал”-ын чиглэлд ажиллуулж, олон тэрбумын хөрөнгө зарцуулаад байна.

Одоо 34 настай үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукербэрг 2019 оны хувийн зорилгоо олон нийтийн дуу хоолойг сонсох, технологи нийгэмд хэрхэн сайнаар нөлөөлж болохыг судлах гэж зарлажээ.

 

Эх сурвалж: AFP