Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын банкны инженер ATM машинаас их хэмжээний бэлэн мөнгө хулгайлсан хэргээр яллагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Бээжингийн Huaxia банкны мэдээллийн технологийн ахлах инженер, 43 настай Чин Чишень банкны програмын цоорхойг ашиглан их хэмжээний мөнгө хулгайлсан хэргээр 10.5 жил шоронд хоригдох ял сонсжээ.

Тэрээр шөнө дунд тодорхой цагт ATM-ээс авсан бэлэн мөнгө бүртгэгдэлгүй өнгөрдөг болохыг олж мэдээд хэсэг хугацаанд энэ алдааг ашиглаж байсан гэнэ.

Чин энэ үйлдлээ системийн цоорхойг засахын тулд хийсэн туршилт, авсан бэлэн мөнгө нь үрэгдээгүй, хадгалагдаж байгаа гэж мэдүүлсэн ч банкны захиргаа түүний тайлбарыг хүлээж авалгүй арванхоёрдугаар сард баривчлуулжээ. Ингээд инженерийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, нийт $1 сая орчимтой тэнцэх бэлэн мөнгө хулгайлсан хэргээр 10.5 жил шоронд хоригдох ял сонссон байна.

Чин Чишень системийн алдааг 2016 онд илрүүлж, тухайн оныхоо арваннэгдүгээр сард бэлэн мөнгө авдаг жижиг програм бичиж, нэвтрүүлжээ. Ингээд жил гаруй хугацаанд нэг удаадаа 5,000-20,000 юанийг ($740-$3,000) хуурамч данс ашиглан гаргаж эхэлсэн нь 2018 оны эхээр нийтдээ долоон сая гаруй юань болсон байна.

Авсан мөнгөө тэр хувийн дансандаа хадгалж, зарим хэсгээр нь хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдан авчээ.

Чи Чишень авсан бүх мөнгөө баривчлагдахаасаа өмнө банканд буцааж өгсөн ч удаан хугацаанд системийн ноцтой алдааны талаар нууцалж байсан нь буруутай гэж үзээд ял шийтгэл оноосон байна. Тэрээр давж заалдсан ч шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post