Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Агаарын бохирдол хүүхдийг аутизмтай болоход нөлөөлдгийг нотолжээ

О.Булган, iKon.mn
2019 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын Шанхай хотод Хятадын судлаачдын сүүлд явуулсан нэгэн судалгаагаар агаарын бохирдол бага насны хүүхдүүдийг аутизмтай болгох томоохон хүчин зүйл болдгийг нотолсон байна.

Шанхай хотод амьдардаг хүүхдүүдийг судалгаанд хамруулахдаа аутизмын спектометрийн эмгэг АSD-г хэмжихэд 78 хүртэлх хувиар нэмэгдсэн нь агаарын бохирдлын нарийн ширхэглэгт PM 2.5 тоос тоосонцортой холбоотойг харуулжээ.

Энэхүү судалгааны үр дүнг гаргахын тулд судлаачид сүүлийн есөн жилийн турш хүүхдүүдийг байнгын хяналтад оруулж, өмнөх жилүүдийн үр дүнг харьцуулж байсан аж.

Түүнээс гадна 2014 онд АНУ-ын 116,430 жирэмсэн эмэгтэйг хамруулсан бас нэгэн судалгаагаар төрөхийн өмнөх гурван сард эхчүүд PM 2.5 тоос тоосонцорт илүү өртдөг ба ураг дахь хүүхэд аутизмтай болох эрсдлийг хоёр дахин нэмэгдүүлдэг нь батлагдсан байна.

Дээрх хоёр судалгаа нь амьсгалын замаар биед орж буй нарийн тоосонцор нь зүрх судасны өвчин, цус харвалт, уушгины хавдар, амьсгалын замын хурц халдвар зэрэг олон төрлийн ноцтой өвчний шалтгаан болдгийн нэг жишээ. 

Аутизмын өвчлөл ихтэй орнуудын тоонд багтдаг АНУ 2000 оны үед 150 хүүхэд болгоны нэг нь аутизмтай гэсэн судалгаа гарсан бол энэ тоо 2010 онд 68 хүүхэд тутамд нэг тохиолдол бүртгэгдэх болж нэмэгджээ.

Дэлхий нийт аутизм өвчний нарийн шалтгааныг одоог хүртэл тогтоогоогүй байгаа ч агаар дахь бохирдлын нарийн ширхэглэгт тоосонцор нь аутизмтай болох эрсдлийг нэмэгдүүлдэг болох нь ийнхүү тогтоогдоод байгаа юм.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын сүүлд гаргасан тооцооллоор жил бүр ойролцоогоор долоон сая хүн агаарын бохирдлоос болж цагаасаа өмнө нас бардаг гэсэн тооцоог гаргажээ.
 
 

Эх сурвалж: World Economic Forum