Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Кавказын эх орончийн гавлын ясыг эх нутагт нь шилжүүлэх тохиролцоонд хүрчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

19 дүгээр зуунд Кавказын дайны үеэр Оросын цэрэгтэй тулалдаж явсан домогт дайчин Хажи Мурадын гавлын яс одоо Санкт Петрбургийн Кунсткамерын музейд хадгалагдаж байдаг.

Улаан өнгийн хувцаснаас нь болоод дайснууд нь “Улаан чөтгөр” гэж нэрлэдэг байсан Мурадыг Оросын хааны цэргүүд 1852 онд олзолж, толгойг нь аваад нийслэл рүүгээ илгээж байжээ.

Тэгвэл авар үндэстэн энэ эрийн толгойг олон жилийн дараа төрөлх Дагестанд нь шилжүүлэх тохиролцоо хийгдсэн талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай комисс саяхан мэдээлсэн байна. Оросын нэрт зохиолч Лев Толстойн шууд удмын хүн болох Владимир Толстой уг комиссыг тэргүүлж байгаа юм.

Толстой эх орончийн толгойг шилжүүлэх ерөнхий тохиролцоог Дагестаны засгийн газартай хийснээ зарласан байна. Гэхдээ цаг хугацааг нь “Дагестаны дотоод асуудлыг тогтвортой болсны дараа” гэж тодотгосон юм.

Эндээс харвал Исламын хэт үзэлтнүүд байнга тогтворгүй байдал үүсгэж байдаг тус БНУ-д түүхийн ховор дурсгалыг шууд шилжүүлэхээс ОХУ-ын эрх баригчид болгоомжилж байгаа бололтой. Бас эх орончийн толгой салан тусгаарлагчдын шүтээн болж магадгүй юм.

Мурадын гавлын ясыг шилжүүлэх асуудлыг судлах тусгай комисс 2015 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын соёлын яамны сайдын тушаалаар байгуулагдсан юм.

Хажи Мурадын толгойгүй цогцсыг Дагестаны хилийн ойролцоох Азербайжаны умард нутагт оршуулсан байдаг. Гавлын ясыг нь авбал 160 орчим жилийн дараа дайчны шарил бүтэн болох юм.

Хажи Мурадын гавлын ясыг буцааж авах хүсэлтийг бүр 1930-аад оны үед үр удам нь Зөвлөлтийн удирдлагуудад тавьж байжээ. Сүүлд Чечений БНУ-ын тэргүүн Рамзан Кадыров уг асуудалд оролцож эхэлсэн юм.

Гэвч Кадыровт таагүй ханддаг Дагестанчууд үүнд нь дургүй байгаа. Умард Кавказын үндэстнүүдийн дунд домог болж яригддаг Хажи Мурадын тухай зохиолыг Лев Толстой бичсэн нь 1912 онд хэвлэгдэж байжээ.

18 дугаар зуунд нэгдүгээр Петр хааны байгуулсан Кунсткамерт Оросын хаант засаглалын эсрэг тэмцэж байсан бусад үндэстний баатруудын толгойг хадгалж байдаг.

Олон жилийн дараа Казахын тэмцэгч Кейки Батырын гавлын ясыг 2016 онд үр удмын хүмүүст нь шилжүүлж өгч байв. Батыр бол 1916 онд Оросын хаант засгийн эсрэг бослогыг удирдсан хүн юм.

1923 онд Большевикууд түүний толгойг авч Санкт Петрбург хот руу илгээж байжээ. 1991 оны байдлаар Кунсткамерын музейд нийт 457 гавлын яс хадгалагдаж байсны дотор Оросын хаант засаглалыг эсэргүүцэн тэмцсэн үндэсний хөдөлгөөний удирдагчдын олон толгой байгаа юм.

Оросын арми бослогын удирдагчдийн үхлийн баталгаа болгож толгойг нь эзэн хаандаа илгээдэг байжээ.

 

Эх сурвалж: Eurasianet