Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Баярын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг уурын байгууллагаас гаргасан сар шинийн баярын өдрүүдийн /2019 оны 2 дугаар сарын 5-наас 9-нийг хүртэлх/ цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.

Шинийн нэгэн буюу 5-ны өдөр Төв болон Зүүн аймгуудын ихэнх нутаг, Баруун аймгуудын зарим газраар бага хэмжээний цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Шинийн хоёрон буюу 6-ны өдөр Баруун аймгуудын нутгийн баруун, Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр салхи 13-15 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Хоёрдугаар сарын 7,8-ны өдрүүдэд нутгийн Төв болон Зүүн хэсгээр цас орох төлөвтэй байна. Салхи Говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн байх аж.

Мөн Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус хүрч хүйтэрнэ.

Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градуст хүрнэ. 

Харин Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх ба бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүрч хүйтрэх төлөвтэй буй талаар мэдээлэв.

 

 

Эх сурвалж: ЦУОШГ