Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Брекзитийн улмаас тогтворгүй байдал үүсвэл Хатан хааныг нүүлгэх төлөвлөгөөг боловсруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Ирэх сард Европын Холбооноос салах үеэр Лондонд эмх замбараагүй байдал үүсвэл Хатан хааныг нүүлгэн шилжүүлэх нууц төлөвлөгөөг Британийн засгийн газар боловсруулаад байгаа тухай тус улсын хоёр сонин Ням гарагт мэдээлжээ.

Хүйтэн дайны үед анх удаа боловсруулж байсан онц байдлын үеийн төлөвлөгөөг шинэчлээд дахин танилцуулж байгаа тухай Британийн албаны эх сурвалж Сандэй Таймс сонинд ярьсан байна.

Мөн онцгой үед Британид цэргийн дэглэм тогтоох, зэвсэгт хүчнийг бэлэн байдалд оруулах төлөвлөгөөг бэлджээ. Гуравдугаар сарын 29 бол Брекзит буюу Европын Холбооноос албан ёсоор салах өдөр бөгөөд Британийн засгийн газар үүнээс өмнө амжиж Брюссельтэй ашигтай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

Хэрвээ гэрээ байгуулж амжихгүй бол Британийн эдийн засаг хүнд байдалд орох тул засгийн газар болон бизнесийн байгууллагууд муу тохиолдолд хэрэгжүүлэх давхар төлөвлөгөө бэлдэж байгаа юм.

Брекзит муу хувилбараар хэрэгжвэл Европын Холбооны импорт зогсож, хоол хүнс, эм тарианы хангамж муудах магадлалтай байгаа. Британичуудын зарим хэсэг нь гэртээ хоол хүнсний нөөц хуримтлуулж эхэлсэн тухай мэдээлэл байгаа юм. Хатан хааныг Лондон хотоос нүүлгэх төлөвлөгөөг анх 1962 оны Кубын пуужингийн хямралын үед боловсруулж байжээ.

Өнгөрсөн сард шинэ жилийн мэндчилгээндээ 92 настай Хатан хаан улс төрчдийг Брекзитийг амжилттай давах төлөвлөгөөн дээр нэгдэж ажиллахыг уриалж байв.

 

Эх сурвалж: Reuters