Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын мөрдөгчид 1959 оны нууцлаг ослыг дахин шалгахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Одоогоос 60 орчим жилийн өмнө Уралын нуруунд есөн залуу уулчин нууцлаг шалтгаанаар амиа алдаж байсан хэргийг ОХУ-ын Прокурорын Ерөнхий Газар дахин шалгахаар болжээ.

Өчигдөр буюу Баасан гарагт тус байгууллагын төлөөлөгч Александр Куренной түүхэнд “Дятловын даваа”-ны осол гэгддэг энэ хэргийн бодит үнэнийг тодруулахаар ажиллах болсныг мэдэгдсэн байна.

Өнгөрсөн хугацаанд энэ ослын шалтгааны талаар нийт 75 орчим хувилбар онол дэвшүүлсэн ч үнэн байх хамгийн магадлалтай нь цасны нуранги гэж үзэж байгаагаа тэр бас хэлсэн юм.

1959 оны хоёрдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хэсэг уулчид тэдний ахлагч Игорь Дятловын нэрээр сүүлд нэрлэгдсэн “Дятловын даваа” хэмээх газарт амиа алдсан байна.

Уг явдлын тухай мэдээллийг Зөвлөлтийн удирдагчид 1970-аад оныг хүртэл нууцалж байжээ. Зөвлөлтийн шинжээчдийн дүгнэлтээр бол шөнө дунд ямар нэг нууцлаг хүч хоёр эмэгтэй, долоон эрэгтэй уулчныг майхнаас нь сугалан гаргаж, буудалласан газраас нь холдуулж хаясан гэдэг.

Тэдний зургаа нь осгож үхсэн, гурвынх нь биенээс гавлын ясны цуурал, хавирга хугаралт зэрэг физик гэмтэл илэрсэн гэж тодорхойлжээ.

Бас нэг эмэгтэйнх нь хэл, нүд байхгүй болсон байна.

Уг эмгэнэлт явдлын талаар хуйвалдааны онолууд, сэжиг таамгууд олон арван жилийн турш Орост төдийгүй дэлхий дахинд яригдсаар иржээ.

Тухайлбал ямар нэг амьтны халдлага, хэт дуу авианы довтолгоо, зэвсгийн туршилт гэх мэт.

Тус аялалын 10 дахь гишүүн Юрий Юдин өвчний улмаас нэгдүгээр сарын 28-нд замаасаа буцсан тул амьд үлдэж байжээ. Тэр 2013 онд 75 насандаа бие барсан юм.

Оросын шинжээчид, шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд ирэх гуравдугаар сард Дятловын даваанд хүрч ажлаа эхлүүлэхээр болсон байна.

 

Эх сурвалж: ТАСС