Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгч болно гэгдэж байсан улс төрч хүчингийн хэргээр яллагдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ирээдүйтэй улс төрч, дараагийн ерөнхийлөгч болох магадлалтай хүн гэгдэж байсан Ан Хэ Жун өчигдөр Сөүлд болсон давж заалдах шатны шүүх хурлаас 3.5 жил шоронд хоригдох ял сонслоо.

Түүнийг нарийн бичгийн дарга асан эмэгтэйгээ удаа дараа хүчиндэж, бэлгийн дарамт үзүүлж байсан гэж буруутгасан юм.

Өчигдрийн шүүхийн шийдвэр нь Өмнөд Солонгост өрнөж байгаа #MeToo хөдөлгөөний том ялалт байлаа.

Өнгөрсөн онд энэ хэргийг шүүсэн анхан шатны шүүх баримт нотолгоо хангалтгүй, тэдний харилцааг зөвшилцлийн үндсэн дээр бий болсон гэж үзээд хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож байсан юм. Харин энэ удаа давж заалдсанаар өмнөх шийдвэрийг өөрчлүүлж чаджээ.

Шүүхийн дүгнэлтэд “Өөрөөс нь 20 насаар ах, өөрийнх нь дарга, гэр бүлтэй хүнтэй хохирогч нь хайр дурлалын харилцаа үүсгэсэн гэх ямар ч баримт олдсонгүй. Энэ харилцааг харилцан зөвшилцлийн үндсэн дээр бий болсон гэж үзэх боломжгүй байна” гэж тайлбарласан байна.

Одоо 53 настай, Өмнөд Чунчеон мужийн захирагч асан Ан Хэ Жун 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Намын сунгаанд одоогийн ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй тун ойр өрсөлдөж, 2022 оны сонгуулиар ерөнхийлөгч болох ирээдүйтэй улс төрч гэгдэж байсан юм.

 

Өнгөрсөн оны гуравдугаар сард түүний нарийн бичгийн дарга эмэгтэй Ким Жи Юн телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Ан даргын ёс бус үйлдлийг анх удаа олон нийтэд илчилж байв.

Үүний дараа Ан сошиал хуудсаараа дамжуулан Ким болон олон нийтээс уучлал гуйж, өөрийгөө буруутгаад мужийн захирагчийн албан тушаалаасаа сайн дураар огцорч байсан юм.

Гэвч дараа нь тэр хуулийнханд шалгагдаж эхлэхдээ нарийн бичгийн даргатайгаа “харилцан зөвшилцлийн үндсэн дээр” дотно харилцаанд орж байсан хэмээн мэлзэх болсон байна.

 

Албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдийн бэлгийн дарамт, хүчирхийллийн хэргүүдийг илчлэх эмэгтэйчүүдийн #MeToo хөдөлгөөн жил хагас орчмын өмнөөс олон улс оронд өрнөж эхэлсэн билээ. Хөдөлгөөнд хамрагдаад байгаа Азийн цөөхөн орнуудын нэг нь Өмнөд Солонгос юм. Тэмцлийн үр дүнд буруутай нь тогтоогдсон тус улсын хамгийн өндөр албан тушаалтан нь Ан Хэ Жун болж байна.

 

Эх сурвалж: Korea Times