Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ангела Меркель 2.5 сая дагагчтай Фэйсбүүк хуудсаа хааж байгааг зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Германы канцлерь Ангела Меркель улс төрөөс гарах бэлтгэлээ алхам алхмаар хийж байгаа. Үүний нэг илрэл нь тэр өчигдөр өөрийн 2.5 сая дагагчтай Фэйсбүүк хуудсыг хаах гэж байгаагаа зарласан явдал байв.

Меркель энэ тухайгаа богино хэмжээний видео мэдэгдэлд зарлаж, хуудсандаа нийтэлсэн байна. Тэр өнгөрсөн арванхоёрдугаар сард эрх баригч Христийн Ардчилсан Намын даргын суудлыг Аннегрет Крамп-Карренбауэрт шилжүүлж өгсөн билээ.

Канцлерийн бүрэн эрхийн хугацаа нь 2021 онд дуусахад Меркель дахин өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн.

“Миний Фэйсбүүк хуудсыг хүчтэй дэмжиж ирсэн та бүхэнд талархлаа илэрхийлэхийг би хүсэж байна. Миний бие Христийн Ардчилсан Намын дарга байхаа больсныг та нар мэдэж байгаа. Тиймээс би Фэйсбүүк хуудсаа хаах гэж байгаа юм” гэж тэр видео мэдэгдэлдээ хэлсэн байна.

Уг хуудсанд Меркелийн үйл ажиллагааны тухай мэдээлэхээс гадна ямар ном унших дуртай (Лев Толстой, Федор Достоевскийн зохиолууд), дуртай кино (“Out of Africa”), Транс-Сибирийн төмөр замаар Москвагаас Владивосток хүртэл аялах мөрөөдөлтэй зэргийг нь бичсэн байдаг.

Меркель фэйсбүүк сүлжээнд олон дагагчтай боловч ихэнх улс төрчдийн ашигладаг твиттер сүлжээг огт ашигладаггүй. Түүний хэвлэлийн төлөөлөгч Стеффен Сейбэрт канцлерийн өмнөөс твиттерт мэдээлэл түгээж байгаа харагддаг.

Хувийн хуудсаа хааж байгаа Меркель өөрийн дагагчдыг Германы засгийн газрын албан ёсны сошиал хуудсуудаас мэдээлэл авч байхыг зөвлөжээ.

 

Эх сурвалж: The Guardian