Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шинийн 1-5-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Сар шинийн баяр”-тай холбоотой Замын хөдөлгөөний зохицуулалт, Гандан, хийдийн хэв журмын хамгаалалт болон баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх зохион байгуулалтын ажлын талаар ЦЕГ-аас мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/241659910042997/

-Хулгайн гэмт хэрэг сүүлийн таван жилд анх удаа 29.1%-аар буурчээ- 

Цагдаагийн байгууллага Цагаан сарын үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүч нэмэгдүүлэн ажиллаж, томоохон худалдааны төвүүд, олон нийтийн арга хэмжээнүүдийн үеэр хамгаалалтад ажиллана хэмээн ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ОН-ийн Аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа н.Цэрэнпунцаг хэллээ. Тухайлбал, Үндэсний бөхийн барилдаан, Гандантэгчэнлин болон бусад шашны төвд хурал ном хурах, нар харах зэрэг үйл ажиллагааны үеэр цагдаагийн алба хаагчид хамгаалалтаар ажиллах юм байна.  

2019 оны нэгдүгээр сараас ЦЕГ "Сар шинэ" аяныг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд гэмт хэргийн гаралт өнгөрсөн жилүүдээс буурсныг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Бүрэнбаатар оноллоо. 

Урьдчилан сэргийлэх уг ажлын үр дүнд нэгдүгээр сарын 31-ний байдлаар 3,827 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2018 оны мөн үетэй харьцуулбал 192 гэмт хэрэг буюу 4.8%-аар буурчээ. Хулгайн гэмт хэрэг л гэхэд сүүлийн таван жилд анх удаа 29.1%-аар буурсан бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9.4%-аар цөөрсөн байна. 

Нийт гэмт хэргийн 70 хувийг эзэлдэг энэ хоёр төрлийн хэргийн гаралт буурсан нь аян үр дүнгээ өгснөөс гадна хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтэд сайн хүргэж, иргэдийн боловсрол дээшилсэнтэй холбоотой хэмээн үзэж байна. 

Улаанбаатар хотын хувьд өнгөрсөн нэгдүгээр сард 2,613 гэмт хэрэг гарсан нь өмнөх оны мөн үеэс 12% буурсан үзүүлэлт. Тэр дундаа хулгайн гэмт хэрэг мөн 31%, халаасны хулгай 44% буурчээ. 

Харин орон байрны хулгай 20 гаруй бүртгэгдсэн тул иргэдийн сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн анхааруулав. 

Дугаарын хязгаарлалтын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Лхагвадорж мэдээлэл өгсөн юм. Маргааш буюу Бямба гарагт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох буюу өмнөх захирамж хэвээр үйлчилнэ гэсэн үг. 

Битүүний өдөр 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Харин Шинийн 1-5-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг хэллээ. 

Сар шинийн баярын үеэр Тээврийн цагдаагийн албаны  320 орчим алба хаагчаас гадна Хууль сахиулах сургуулийн 250 оюутан, олон нийтийн цагдаа гээд нийт 800 гаруй алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулж, хяналт тавьж ажиллах юм байна​.  

Өнгөрсөн жилийн Сар шинийн баяраар замын ослын улмаас Улаанбаатар хотод нэг, орон нутгийн замд долоон иргэн амь насаа алдсан гэдгийг Л.Лхагвадорж сануулаад жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохгүй, хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулав.