Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезид олон нийтийн газар тэврэлдсэн залуу хосыг ташуурдаж шийтгэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Исламын хатуу хууль үйлчилдэг Индонезийн Ачех мужид олон нийтийн газарт тэврэлдсэн хос залуусыг өчигдөр ташуурдаж шийтгэжээ.

Ачех мужийн төвд сүмийн гадна цугларсан олон зуун хүний нүдэн дээр 18 настай оюутан бүсгүйг нас чацуу найз залуугийнх нь хамт тус бүр 17 удаа ташуурдсан байна.

Суматра арлын энэ мужид мөрийтэй тоглох, согтууруулах ундаа хэрэглэх, ижил хүйстэнтэйгээ хурьцах, гэр бүлээс гадуур явалдах зэрэгт саваа модоор ташуурдах шийтгэл оноодог юм.

Ташуурдуулахаасаа өмнө гэм буруутнууд хэдэн сарын турш шоронд хоригддог. Индонез улс нь дэлхийн хамгийн олон муслим хүн амтай улс боловч ганцхан Ачех мужид Исламын хатуу хууль үйлчилдэг ажээ.

Өнгөрсөн сард насанд хүрээгүй охидтой бэлгийн харилцаанд орсон хоёр эрийг тус бүр 100 удаа ташуурдан шийтгэж байв.

Хүний эрхийн байгууллагууд Ачех мужид тогтсон шариатын хууль ёсыг цуцлахыг шаарддаг бол Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо мөн ингэхийг уриалж байжээ.

Гэвч 98 хувь нь Ислам шашинтай Ачех мужийн таван сая иргэний олонх нь шариатын хуулийг дэмждэг нь үүнд саад болдог юм. 

Энэ оны эхээр тус мужийн захиргаа ташуурдах шийтгэлийг олны нүднээс далд гүйцэтгэнэ гэж амлаж байсан ч зарим хэсэгт нь хүмүүсийн нүдний өмнө хэрэгжүүлсэн хэвээр байна.

Ачех мужид салан тусгаарлах үзлийг бууруулахын тулд Индонезийн төв засгийн газар 2001 онд өөртөө засах эрх олгож байжээ.

 

Эх сурвалж: AFP