Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Ким Жон Унтай уулзахаар явах замдаа Ши Жиньпинтэй уулзах гэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Вашингтон хотод хоёр өдөр үргэлжилсэн Америк-Хятадын худалдааны хэлэлцээр өчигдөр өндөрлөж, хэлэлцээрт оролцогчдыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хүлээн авч уулзжээ.

Хоёр орны хооронд худалдааны дайн эхлээд долоон сар болж байгаа бөгөөд гуравдугаар сарын 1-нээс өмнө зөвшилцөлд хүрэхээр ажиллаж байгаа юм.

Уулзалтын үеэр Трамп хэлэхдээ хоёрдугаар сард Ким Жон Унтай уулзахаар аялах замдаа Хятадын төрийн тэргүүнтэй уулзаж худалдааны хэлэлцээрийн эцсийн тохиролцоог хийх төлөвлөгөөтэй байгаагаа ярьжээ.

Тэр бас энэ удаагийн хэлэлцээрт том ахиц дэвшил гарсныг хэлсэн байна.

Хятадын төлөөлөгчдийн ахлагч, засгийн газрын шадар сайд Лю Хэ тус улс АНУ-аас өдөрт 5 сая тонн шар буурцаг худалдан авч эхлээд байгааг энэ үеэр дуулгахад Трамп “Энэ бол манай фермерүүдэд сайхан мэдээ байна” гэж хариулсан юм. Лю Хэг Хятадын эдийн засгийн бодлогыг тодорхойлдог гол хүн гэдэг.

Лю бас АНУ-ын ерөнхийлөгчид хүргүүлсэн Ши Жиньпиний захидлыг Цагаан ордонд цугларсан хүмүүсийн өмнө уншиж сонсгосон юм.

 Трамп “сайхан захидал” ирүүлсэнд хариу талархжээ.

Америк-Хятадын худалдааны хэлэлцээрийн эхний ээлж энэ сарын эхээр Бээжин хотод болсон юм. Хоёрдугаар ээлжийн хэлэлцээрээр Америкийн оюуны өмчийг Хятадад хамгаалах, Хятадад хөрөнгө оруулсан Америк компаниудаас технологийг нь хүчээр шилжүүлж авдаг явдлыг зогсоох, Хятадын зах зээлд хөрөнгө оруулахад гардаг бэрхшээл саадуудыг багасгах зэрэг асуудлуудыг голлон хэлэлцжээ.

Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Буэнос Айрест “ИХ 20”-ын чуулганы үеэр уулзахдаа Трамп, Ши нар 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл худалдааны дайнаа завсарлах буюу 90 хоногийн “гал зогсоох” тохиролцоонд хүрсэн юм.

Хоёр хоногийн өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Трамп-Кимийн хоёр дахь уулзалтыг хоёрдугаар сарын сүүлээр "Ази тивийн хаа нэгтээ болно" гэж мэдэгдэж байв. Уулзалт болох газрыг одоогоор нууцалж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post