Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын шинэ хаан өнөөдөр ширээндээ заларлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Орос мисстэй гэрлэсэн тухай дуулиан тарьж байсан Малайзын хаан энэ сарын эхээр сайн дураар хаан ширээнээсээ татгалзсан нь тус улсын түүхэнд анхны тохиолдол болсон билээ.

Тэгвэл түүнийг залгамжлах Султан Абдуллах Султан Ахмад Шахыг өнөөдөр хаан ширээнд залжээ.

Куала Лумпурт болсон шинэ хааны тангараг өргөх ёслолын ажиллагааг Малайз даяар телевизийн сувгаар үзүүлж, ерөнхий сайд Махатхир Мохамад тэргүүтэй олон зуун зочид оролцсон байна.

59 настай шинэ хаан нь тус улсын төв бүсийн Пахан мужийн захирагч юм. Үндсэн хуульт хаант засаглалтай Малайз улсын хаанаар тус улсыг бүрдүүлэгч есөн мужийн султан ээлж ээлжээр таван жилийн хугацаатай суудаг.

Өмнөх хаан Султан Мухаммад V хоёр жил болоод ширээнээсээ буусан нь түүхэнд анхны тохиолдол юм. Эрүүл мэндийн шалтгаанаар буусан гэж тайлбарлаж байгаа ч жинхэнэ учир шалтгаан нь тодорхойгүй байгаа.

Шинэ хаан Султан Абдуллах нь Малайзын 16 дахь хаан юм. Тэрээр спортын салбарт маш идэвхтэй ажилладаг хүн.

Тухайлбал FIFA-гийн удирдах зөвлөлийн гишүүн, Азийн Хоккейн Холбооны ерөнхийлөгч, Малайзын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн байсан эрхэм юм.

Малайзад ерөнхий боловсрол эзэмшсэн Султан Абдуллах Их Британий Сэндхарстын цэргийн академийг төгссөн намтартай.

Хэдийгээр эзэн хаан нь бэлгэдлийн шинж чанартай ч Исламын шашинт Малайзын иргэдийн дунд маш их хүндлэгддэг. Хааны хөргийг улс даяар байрлуулж, түүний гэр бүлийнхнийг шүүмжлэхийг цээрлэдэг.

Малайзын хаан нь тус улсын зэвсэгт хүчний бэлгэдлийн командлагч, Исламын шашны тэргүүнд тооцогддог байна. Султануудын угсаа гарвал 15 дугаар зуунаас улбаатай. Одоогийн хаант засаглал нь 1963 онд Малайз улс Британий колоничлолоос салсны дараа бий болсон юм.

 

Эх сурвалж: AFP