Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Чилийн ерөнхийлөгч асны амийг 1982 онд хөнөөсөн зургаан хүнд ял оноожээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Генерал Аугусто Пиночетын дэглэмийн үед гарсан томоохон аллагын хэргийг Чилийн шүүх өчигдөр шийджээ.

Тодруулбал тус улсын ерөнхийлөгч асан Эдуардо Фрэй Монталвагийн амийг 1982 онд хорооход оролцсон зургаан хүнд тус бүр 10 хүртэл жилийн хорих ял оноосон байна.

Шүүгч Алехандро Мадрид экс ерөнхийлөгчийг тусгай бодисоор хордуулсан нь аажмаар эрүүл мэндэд нь нөлөөлж, үхэлд хүргэсэн гэж дүгнэжээ.

Аллагыг гүйцэтгэсэн, нуусан, тусалсан зэрэг гэмт үйлдэлд буруутай Пиночетын тусгай албаныхан, Монталвагийн жолооч, эмч зэрэг хүмүүст олон жилийн дараа ял оноосон байна.

Чилийн ерөнхийлөгч асан Фрэй Монталваг 1970 онд Сальвадор Аленде залгамжилсан юм. 1973 онд генерал Пиночет цэргийн эргэлт хийж, Алендег зайлуулснаар түүний дэглэм Чилид 17 жил тогтсон байна.

Харин Монталве Пиночетын дэглэмийг эсэргүүцэгч сөрөг хүчнийг удирдаж байсан бөгөөд 1982 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барсан юм.

Гэр бүлийнхэн нь түүнийг хордуулсан гэж үзэж байсан тул 16 жилийн өмнө шалгуулах хүсэлт гаргаж байжээ. Хүсэлт гаргасан Монталвегийн хүү Эдуардо Фрэй 1994-2000 оны хооронд Чилийн ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хүн юм.

Пиночетын дэглэмийн үед нийт 40,018 хүн шоронд хоригдож, эрүүдүүлж байсан гэх албан ёсны тоо байдаг. Тэдгээрийн 3,095 нь цаазлуулсан байна.

Нобелийн шагналт яруу найрагч Пабло Нерудагийн үхэлд ч гадны нөлөө орсон байх өндөр магадлалтай гэлцдэг.

Албан ёсны дүгнэлтэнд түүнийг хорт хавдраар нас барсан гэдэг ажээ. Гэхдээ нэрт яруу найрагчийн үхлийн шалтгааныг одоо Чилид дахин шалгаж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian