Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн салбар 2018 онд улсын төсөвт 2.05 их наяд төгрөг төвлөрүүлэв

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УУХҮЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, салбарын 2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар салбарын бодлогын талаар зарим мэдээллийг өгсөн юм.

Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажлын төсөв, төлөвлөгөөг УУХҮ-ийн сайдын 2019 оны А/13 дугаар тушаалаар баталсан. Энэ онд үргэлжлэн хэрэгжих

  • геологийн зураглал, ерөнхий эрлийн болон сэдэвчилсэн судалгааны 26 төслийг 20,521,949,500 төгрөгөөр
  • шинээр хэрэгжүүлэх геологийн зураглал, ерөнхий эрлийн болон сэдэвчилсэн судалгааны 17 төслийг 4,100,000,000 төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа

буюу нийтд 24 тэрбум 622 сая төгрөгийг геологийн судалгааны ажилд зарцуулахаар шийдвэрлэсэн гэдгийг дурдлаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/195 дугаар тушаалын дагуу Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр алт, жонш, шороонд орд, төмөр, газрын тос гэсэн таван төрлийн ашигт малтмалын хайгуулын ажилд хэрэглэх аргачилсан зөвлөмжийн төслийг салбарын эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй хамтран боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

2018 онд алт олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж, олборлосон алтыг худалдан авах нөхцөлөөр зээл олгох ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Хөгжлийн банк, Монголбанктай хамтран алт олборлогч ААН-үүдэд 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт алтны 26 төсөлд 53.273 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн бөгөөд нэмж 43.821 тэрбум төгрөг олгох үлдэгдэлтэй байгаа гэдгийг хэллээ.

Аж үйлдвэрийн салбар 18.3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсны 12.7 их наяд төгрөг нь уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 

Гэрэл зургийг MPA.mn

Уул уурхайн салбар 2018 онд улсын төсөвт 2.05 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлжээ. Үүнийг задалж харвал:

  • Алт         -               80.0 тэрбум төгрөг,
  • Нүүрс      -              910.6 тэрбум төгрөг,
  • Цайр        -             76.9 тэрбум төгрөг,
  • Зэс            -             871.9 тэрбум төгрөг,
  • Төмөр        -          17.1 тэрбум төгрөг,
  • Жонш          -         16.3 тэрбум төгрөг,
  • Бусад          -         78.8 тэрбум төгрөг оруулсан байна. 

Улсын төсөвт орсон орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 456.3 тэрбум төгрөг буюу 28.6 хувиар өсжээ.

Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар

  • 50.0 сая тн нүүрс
  • 1.3 сая тн зэсийн баяжмал
  • 20.7 тн алт
  • 5.5мян.тн молибдений баяжмал
  • 3.4 сая тн төмрийн хүдрийн баяжмал
  • 80.7 мян.тн хайлуур жоншны баяжмал
  • 87.9 мян.тн цайрын баяжмал
  • 6.4 сая баррель газрын тос
  • 14.2 мян.тн катодын зэс тус тус үйлдвэрлэсэн байна. 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс, алт, хайлуур жонш, цайрын баяжмалын үйлдвэрлэл өссөн бол зэс, молибден, төмрийн хүдрийн баяжмал болон газрын тос, катодын зэснийх буурсан дүнтэй байна.

Жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 15.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 (21.0%) их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 11.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8 (19.6%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.6 (63.1%) их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 198.3 (3.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлөв. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 71.7%-ийг эзэлж байна.

Мөн аж үйлдвэрийн салбар 18.3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өмнөх онтой харьцуулахад 20.7% хувиар өссөн бөгөөд үүний 12.7 их наяд төгрөг нь уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн. Эндээс гадаад зах зээлд 12.6 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн гаргасны 10.5 их наяд төгрөгийн борлуулалтыг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар хийжээ. 

2018 оны арванхоёрдугаар сард 

  • Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-9
  • Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-11
  • Тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн-11
  • Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-14
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан-110
  • Цуцлагдсан дуусгавар болсон-65 байна. 

Газрын тосны салбар 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэв

 

Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт 6.4 сая баррель буюу 866.3 мянган тонн газрын тос олборлосноос 6.18 сая баррель буюу 840.4 мянган тонныг нь экспортолжээ. Ингэснээр газрын тосны салбар төсвийн орлогын үүргээ 100% биелүүлж, улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

Энэ оны нэгдүгээр сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд 434,637 баррель буюу 58,896 тонн газрын тос олборлож, 388,771 баррель буюу 52,836 тонныг экспортолсон. 

2018 онд манай улс нийт 1.87 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосноос

  • автобензин 494.7 мянган тонн
  • дизель түлш 953.9 мянган тонн
  • онгоцны түлш 65.8 мянган тонн
  • шингэрүүлсэн шатдаг хий 39.5 мянган тонн
  • бусад бүтээгдэхүүн 316.9 мянган тонныг тус тус импортолжээ.

2019 оны нэгдүгээр сард шатахууны хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа төрлөөс хамаарч 86-107 ам.доллараар буурсан. Тухайлбал, А-80 автобензиний хилийн үнэ 86 ам.доллараар буурч, 501 ам.доллар, Аи-92 автобензиний үнэ 86 ам.доллараар буурч, 531 ам.доллар, дизель түлш 107 ам.доллараар буурч 599 ам.доллар болсон байна.

ОХУ-аас нийлүүлж буй шатахууны хилийн үнэ буурсантай холбоотойгоор 2019 оны нэгдүгээр сарын 16-наас шатахууны жижиглэнгийн үнэ улсын хэмжээнд А-80 автобензин 76-100 төгрөг, АИ-92 автобензин 89-100 төгрөг, Аи-95 автобензин 70-100 төгрөг, дизелийн түлш 80-100 төгрөгөөр тус бүр буурав.