Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ариана Гранде алдаатай шивээс хийлгэснээ мэдэлгүй үзүүлж, хүмүүст шоолуулав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Мах огт иддэггүй, ногоон хүнстэн гэгддэг Америкийн поп од Ариана Гранде өчигдөр Инстаграм хуудсандаа шинэхэн шивээснийхээ зургийг нийтлээд эвгүй байдалд оржээ.

Тэрээр одоо хит болж байгаа “7 Rings” дууныхаа нэрийг зүүн гарынхаа алган дээр япон бичгээр шивүүлснээ фэнүүддээ үзүүлсэн юм.

Гэвч Арианагийн шивүүлсэн үг нь дууны нэр биш, “шичирин” буюу мах шарагч (грилл) зуухны нэр болохыг фэнүүд нь илрүүлжээ.

Дүрс үсэг шивүүлэхдээ алдаа гаргаснаа мэдсэн дуучин бүсгүй удалгүй нийтэлсэн зургаа устгасан юм.

Гэвч зургийг нь устгахаас өмнө хуулж авсан хүмүүс сошиал сүлжээнд тарааж, хэлэлцүүлгийн томоохон сэдэв болгожээ.

Дараа нь Ариана алдаатай шивээс хийлгэснээ хүлээн зөвшөөрч, биеийн бусад хэсгийн арьснаас алганы арьс түргэн нөхөгддөг тул амархан арилгаж чадна гэсэн тайлбар бичсэн байна.

Гэвч түүний тайлбар нэмэр болсонгүй, сошиал сүлжээнд поп одыг элэглэж шоолсон яриа тасрахгүй байв. Аргаа барсан Ариана эцэст нь “Намайг болон миний мах шарагчийг зүгээр орхи. Баярлалаа” гэж бичээд чимээгүй болсон байна.

Түүний “7 Rings” дууны видеог YouTube сүлжээнд 100 сая гаруй удаа үзэж, Billboard Hot 100 жагсаалтын эхэнд ороод байгаа юм.

Өмнө нь түүний “Thank U, Next” дуу мөн хит болж байв. Энэ дуугаар нэрлэгдсэн Арианагийн цомог хоёрдугаар сарын 8-нд худалдаанд гарах юм.

 

Эх сурвалж: The Guardian