Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бямбадорж: Нас барсан цэргийн хэрэг шалгагдаж байхад “Гадны нөлөөгүй” гэсэн тайлбарыг ЦЕГ өгсөн нь том зөрчил

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Малайзын нийслэл Куала Лумпур хотноо 2006 онд хэрцгийгээр алуулсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн шүүх хурал энэ өдрүүдэд тус улсад болж буй. Шүүх хуралд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг оролцоод ирсэн. Шүүх хурал нэг сар үргэлжлэх бөгөөд нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэж байгаагаа ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хэлэв.

Тэрбээр “ХЭҮК өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллагуудад олон удаа хандсан. 

Малайз улс нь янз бүрийн хуультай, олон улсын конвенцэд тэр болгон нэгдээгүй, Шариатын хууль гэдгээрээ явдаг учраас хүндрэлтэй юм билээ. Хамгийн найдлага төрүүлж байгаа зүйл бол шинээр сонгогдсон Ерөнхий сайд нь Ш.Алтантуяагийн аллагатай нэр холбогдсон өмнөх Ерөнхий сайдыгаа олон хэрэгт буруутгаж байгаа. Тиймээс энэ хэрэг С.Шаарийбуу гуайн талд нааштай гарах болов уу гэсэн хүлээлттэй байна” гэлээ. 

Хүний амь настай холбоотой хэргүүдийг хэрхэн шийдэхийг ХЭҮК анхааралтай ажиглаж байна

Дорноговь аймгийн Зүүнбаян суман дахь цэргийн ангид нас барсан цэргийн хэргийн талаар мөн байр сууриа илэрхийлэв. Уг хэргийн талаар олон нийт, хэвлэл мэдээлэл мэдэхээс өмнө ХЭҮК орон нутаг дахь төлөөлөгчөөрөө дамжуулан мэдээлэл авч, цэргийн ангитай холбогдсон байна. Харин хэрэг шалгагдаж байхад “Гадны нөлөөгүй” гэсэн тайлбарыг ЦЕГ өгснийг том зөрчил хэмээн үзэж байгаа аж. 

“ХЭҮК шалгалтаа урьдчилж мэдэгдэлгүй, гэнэтийн байдлаар хийдэг. Орон нутагт ажиллахдаа цэргийн ангиудад заавал хяналт шалгалт хийдэг. Цэргүүдээс санал асуулга авч, ганцаарчилсан ярилцлага хийдэг. Хорих ангид ч ялгаагүй. Шалгалт, зөвлөмж маш үр дүнтэй байгаа гэж бид хэлнэ. Хүнийг дэглэж, яргалдаг маш цөөхөн тохиолдол л гарсан. Нийтлэг хэмжээндээ бол арилсан” хэмээн тайлбарлаад мөрдөн байцаах үйл ажиллагаа шударга явагдах, шүүхийн шинжилгээ хариу зөв гарах ёстой, хэргийг тодруулахад технологийн дэвшлийг ашиглах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Мөн “Хүний амь настай холбоотой хэргүүдийг хэрхэн шийдэхийг ХЭҮК анхааралтай ажиглаж байна. Бид орхихгүй. Асуудал шалгагдаж байгаа нөхцөлд цагдаа ч бай, хэн ч бай өөр өөрийн байр сууринаас тайлбарлаж болохгүй” гэсэн юм.