Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү: Цэргийн дэглэлтийн талаар УИХ-ын чуулган дээр мэдээлэл авмаар байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж хариулт авлаа.  

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх асуудлыг дараалалт оруулж ирэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо анхаарах хэрэгтэй байна. Баянзүрх дүүрэг Засаг даргагүй явж байна. Баянзүрх дүүргийн АН-аас шинээр илэрсэн нөхцөл байдал гээд шүүхэд нөлөөлөх оролдлогуудыг хийсээр байна. Цаашид бүх шатны сонгуулийн маргааг будилаангүй явуулах асуудлыг анхаармаар байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зөрчлийн хууль, гүтгэх, доромжлох асуудлыг цэгцэлмээр байна. 83 настай хөгжшний асуудлаар надад ил захидал ирүүлсэн. Ж.Ганбаатар гишүүнд хэлсэн. Ойлголцсон. Ж.Ганбаатар гишүүн ёс жудагтай хүн учраас харж үзэх байх. 

Т.Аюурсайхан гишүүн манай гэрт чагнах төхөөрөмж тавьсан, гурван машин баримт шатаасан гэж ярьсан. Энэ асуудлыг тодорхой болгох шаардлагатай. 

Одоо Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг ярих хэрэгтэй байна. Ерөнхий сайдыг энэ талаар мэдээлэл хийхийг УИХ-ын дэд дарга зохион байгуулах шаардлагатай. 

Цэргийн байгууллагын дэглэлт байна. 10 сая төгрөгийн амь гэж юу байхав дээ. Энэ асуудлаар бид мэдээлэл авмаар байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хойшлуулах саналтай байна. Засгийн газар дотооддоо энэ асуудлыг шийднэ гэсэн. 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж: Малчид малын хулгай гаарлаа гэдгийг ХЗХ-ийн сайдад хэлүүллээ. Малын хулгайн ялын бодлогыг чангаруулах шаардлагатай байна. Мөн дөнгөж төгссөн эмч нарыг орон нутагт ажиллах шаардлага тавьдаг. Хөдөөний хүмүүс туршлагагүй эмч нарын туулай биш шүү гэдгийг хэлүүллээ. 

Ийнхүү нэр бүхий гишүүдийн гаргасан горимын саналын дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг дарааллаас хойшлуулахаар боллоо. 

Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны танилцуулгыг хэлэлцэхээр оруулсан байна. 

УИХ-ын дэгийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана хэмээн заасан байдаг. Энэхүү хуулийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг УИХ-д танилцуулж байна.