Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын хууль тогтоогчид хоригдож байгаа Уйгар эрдэмтнийг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын хэсэг хууль тогтоогчид Хятадад хорих ял эдэлж байгаа Уйгар эрдэмтнийг 2019 оны Нобелийн Энх Тайвны шагналд нэр дэвшүүлжээ.

Ингэснээрээ тэд Шинжаанд үндэсний цөөнхийг ялгаварлан гадуурхах бодлого явуулдаг Бээжингийн эрх баригчдад шахалт үзүүлж байгаа гэнэ.

Уйгар үндэстэн Илхам Тохти нь эдийн засагч, зохиолч, Бээжингийн Минзу их сургуулийн профессор бөгөөд салан тусгаарлах үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэгт буруутгагдан 2014 оноос хойш бүх насаар хоригдох ял эдэлж байгаа юм.

Тэрээр Шинжаанд явуулж байгаа Бээжингийн бодлогыг хүчтэй шүүмжлэгч, төрөлх нутагтаа шударга хууль ёс тогтоохыг эрмэлздэг нэгэн байсан ажээ. АНУ-ын хоёр намын нийт 13 хууль тогтоогч нэр дэвшүүлэх хүсэлтээ өчигдөр Норвегийн Осло дахь Нобелийн Энх Тайвны шагналын хороонд илгээжээ.

Тэднийг Флоридагийн сенатор, Бүгд Найрамдах Намын Марко Рубио тэргүүлж байна. Өнөөдөр Шинжаанд нэг сая гаруй уйгар болон бусад үндэстний цөөнх муслим иргэд улс төрийн “дахин боловсрол олгох төв”-үүдэд хоригдож байна.

2017 оноос хойш Хятадын засгийн газар салан тусгаарлах, террорист үзэл бодлыг нухчин дарахын тулд ийм төвүүдийг ажиллуулж эхэлжээ. Дахин боловсрол олгох төвүүдэд хүний эрх зөрчдөг, иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлдэг, эрүүдэн шүүдэг гэх мэдээлэл бий.

Хэрвээ профессор Тохти Нобелийн шагнал хүртвэл энэ асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд орж, Хятадын эрх баригчдад том шахалт болно гэж АНУ-ын конгрессын гишүүд үзэж байна.

2010 онд хүний эрхийн төлөө тэмцэгч Лю Шябао анх удаа Хятадаас Нобелийн Энх Тайвны шагнал хүртэж байв. Тухайн үед төрийн эсрэг гэмт хэрэгт буруутгагдан 11 жилийн хорих ял эдэлж байсан тэр шагнал гардуулах ёслолд оролцож чадаагүй юм.

Лю Шябао 2017 онд хорионд байхдаа уушгины хорт хавдрын улмаас нас барсан. Харин сүүлд түүний эхнэр Лю Шиа бараг найман жил гэрийн хорионд байсны эцэст Хятадаас Герман руу цагаачилж чадсан юм.

 

Эх сурвалж: South China Morning Post