Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Вашингтонд худалдааны хэлэлцээр хийхээр очсон Бээжингийн төлөөлөгчид рүү хүний эрхийн тэмцэгчид халджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Америк-Хятадын худалдааны дайныг зогсоох зорилготой ээлжит яриа хэлэлцээр өчигдөр Вашингтонд эхэлсэн юм. Эхний ээлжийн хэлэлцээр энэ сарын эхээр Бээжин хотод болж байв.

Хоёр өдөр үргэлжлэх хэлэлцээрт оролцохоор ирсэн Хятадын засгийн газрын төлөөлөгчид өчигдөр Вашингтоны Уиллард зочид буудлаас гарч ирэх үед тэнд амьдардаг хятад иргэд халдсан хэрэг гарчээ.

Нийслэл Бээжин хотоос цагаач иргэдийг албадан гаргаж байгааг эсэргүүцсэн цөөн тооны хүн эрх баригчдад ингэж эсэргүүцлээ илэрхийлснийг Блүүмбэрг мэдээлсэн юм. Хэрэг явдлын үеэр хамгаалалтын зохих арга хэмжээг авч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангасан байна.

Ерөнхий сайдын орлогч Лю Хэгийн ахалсан Хятадын засгийн газрын төлөөлөгчид энэ явдлын дараа Цагаан ордны дэргэдэх Эйзенхауэрын нэрэмжит захиргааны байранд ирж, АНУ-ын холбогдох албаныхантай хэлэлцээрээ эхлүүлжээ.

Энэ удаагийн хэлэлцээрээр АНУ-ын оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулах, хамтарсан компани байгуулах замаар Америкийн технологийг хүчээр шилжүүлж авдаг Хятадын хуулийн зохицуулалтыг өөрчлөх зэрэг асуудал нэн тэргүүнд яригдах гэнэ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд АНУ, Хятадын төрийн тэргүүнүүд Буэнос Айрест уулзахдаа худалдааны дайнаа 90 хоногийн хугацаанд завсарлах тохиролцоо хийсэн юм. Энэ хугацаа хоёрдугаар сарын сүүлээр дуусна.

Талууд “гал зогсоох” хугацаанд багтан харилцан ашигтай худалдааны гэрээ байгуулахаар шаргуу ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: Bloomberg