Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Николас Мадуро АНУ-ын ард иргэдээс дэмжлэг хүсэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро анх удаа АНУ-ын ард иргэдэд шууд хандаж видео мэдэгдэл гаргаснаа өөрийн фэйсбүүк хуудсанд нийтэлжээ.

Англи хадмал орчуулгатай, 4 минут урт бичлэгт Трампын засаг захиргааны Венесуэлийн газар нутагт цэргийн ажиллагаа явуулах санаархлыг таслан зогсоохыг Америк хүмүүст уриалсан байна. Хэрвээ ингэж чадахгүй бол Вьетнамын дайн шиг гамшиг нүүрлэнэ хэмээн Мадуро анхааруулжээ.

Тэрээр энэхүү мэдэгдлийг гаргахаасаа өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь амь насанд халдуулахаар Колумбийн эрх баригчид, мафийнханд даалгавар өгсөн тухай мэдээлж байв.

Мадуро бас Европын гүрнүүдийн тулган шаардсан ээлжит бус сонгууль явуулах найм хоногийн хугацааг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Венесуэльд төрийн эргэлт хийх, дайн хийх нийгмийн сэтгэл зүйг бэлдэхийн тулд Вашингтоны засаг захиргаа хэвлэл мэдээллээр худал мэдээлэл түгээх ажиллагаа явуулж байгааг хэлсэн Мадуро тэдний үгэнд итгэлгүй, асуудлыг бодитой харахыг АНУ-ын иргэдэд уриалсан байна.

АНУ-ын эрх баригчдын жинхэнэ сонирхол нь дэлхийд хамгийн томд тооцогддог Венесуэлийн газрын тосны нөөц, дэлхийд дөрөвдүгээрт ордог байгалийн хийн нөөц юм гэдгийг тэр тайлбарлажээ.

“Америкийн элитүүд Ирак. Ливид хэрэгжүүлсэн аргаараа манай үндэстний баялагт гараа дүрэхийг санаархаж байна” гэж тэр хэлсэн юм.

Эцэст нь Мадуро улс оронд нь бусад улсуудын нэгэн адил олон асуудал, бэрхшээл бий, гэхдээ энэ бүгдийг гадны оролцоогүйгээр өөрсдөө шийдэж чадна гэж хэлжээ.

“АНУ бол агуу улс үндэстэн. Дональд Трампаас ч том. Та бүгдийг Венесуэльд хүндэтгэлтэй хандаасай, Вьетнамын дайн шиг зүйл гаргахаас сэргийлээсэй гэж би хүсэж байна” гэж тэр Америкчуудад хандан хэлсэн юм.

Америкийн түүхэнд Афганистаны дайны дараа хоёр дахь хамгийн урт үргэлжилсэн хямрал нь Вьетнамын дайн бөгөөд 58,000 америк цэрэг, 4 сая орчим вьетнам хүн амиа алдсан гэдэг.

Эх сурвалж: Russia Today