Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ажилласан жил тогтоолгох маргааны тоо 2018 онд огцом өссөн байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өнөөдөр өнгөрсөн 2018 оны шүүн таслах ажиллагааны жилийн тоймыг өнөөдөр танилцуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл 2018 онд анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 2,922 хэрэг буюу 6.5 хувиар өссөн байна.

Хянан шийдвэрлэсэн маргаанаас Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 197 хэргээр буюу 4.3 хувиар өссөн бол Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 429 хэргээр буюу 19.4 хувиар өсжээ.

Харин Нийгмийн даатгалын багц хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 71 хэргээр буюу 17.6 хувиар, Татварын тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 59 хэргээр буюу 21.5 хувиар тус тус буурсан талаар ШЕЗ мэдээлэв.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах “Иргэний хэрэг дотроос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хянан шийдвэрлэсэн маргаан өссөн. Тэр дундаа ажилласан жил тогтоолгох маргаан 2018 оны хувьд огцом өссөн үзүүлэлттэй байна.

Мөн Гэр бүлийн тухай хуулиар хянан шийдвэрлэсэн маргаан өнгөрсөн жилтэй харьцуулахад бага зэрэг өссөн ба маргааны 61.8 хувь нь буюу дийлэнх нь гэр бүл цуцлалтыг шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулиар хянан шийдвэрлэсэн маргаанаас цалин хөлстэй холбоотой маргаан долоон хувиар мөн өссөн.

Үүнээс харахад бүх шатны хэргийн тоо 2017 онтой харьцуулахад 10 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна. Шүүгчийн тооны хувьд 1.8 хувиар буурч, нийт 502 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын шүүх 2018 онд шүүн таслах ажиллагааг хэрэгжүүллээ.

Мөн шүүхээс нийт 21.1 тэрбум төгрөгийг Төрийн санд төвлөрүүлэн ажиллаад байна. Шүүхээс шийдвэрлэсэн нийт хэргийн тоог харахад эрүүгийн болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэсэн хэрэг хамгийн өсөлттэй гараад байна" хэмээлээ.