Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Порошенко, Тимошенко нар Украины ерөнхийлөгчийн сонгуульд голлон өрсөлдөнө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Украины ерөнхийлөгч Петро Порошенко ирэх гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлалаа.

Тэрээр гуравдугаар сарын 31-нд болох сонгуульд ялж, хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэх зорилготой байна. Одоо 53 настай Порошенко нь чихэр, шоколадны бизнесийн магнат, Украины хамгийн баян хүмүүсийн нэг юм.

Тэр 2014 оны Майданы хувьсгалаар Москвагийн талыг баримтлагч Виктор Януковичийг төрийн эрхнээс зайлуулж, ерөнхийлөгч болж байв.

Өчигдөр сонгуульд нэр дэвшиж байгаагаа зарлахдаа Порошенко ирэх таван жилийн хугацаанд Украиныг Европын Холбоо, NATO-гийн гишүүн болгохоо амлажээ.

“Бид 2024 онд Европын Холбоонд элсэх хүсэлтээ гаргах болно” гэж хэлсэн Порошенко дахин сонгогдвол Украиныг NATO-гийн гишүүн болгохын төлөө ажиллахаа бас илэрхийлсэн юм.

Тэрээр “Зөвхөн Европын Холбоо болон NATO манай Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын баталгааг хангах болно” гэж хэлжээ. Хэдийгээр Өрнөдийн талыг тууштай баримталдаг ч Украинд цэцэглэж байгаа авлигатай тэмцэж чадахгүй байгаа нь түүний гол эмзэг цэг.

Түүний нэр хүнд Украины олон нийтийн дунд сайнгүй байгаа ч ирэх сонгуульд ерөнхий сайд асан Юлия Тимошенкотой гол өрсөлдөх хүнд тооцогдож байна. 2004 оны Улбар шар хувьсгалын удирдагч, 2014 онд Порошенкод ялагдаж байсан Тимошенко нэгдүгээр сарын 22-нд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарласан юм.

 

Эх сурвалж: Reuters