Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Оросоос Венесуэльд ирсэн нууцлаг нисэх онгоц анхаарал татаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Оросын зорчигч тээврийн нисэх онгоц Венесуэлийн нийслэл Каракаст ирж газардсан нь тус улсын иргэдийн дунд янз бүрийн цуурхал дэгдээгээд байна.

Оросын Nordwind Airlines компанийн 400 хүний суудалтай Боинг 777 нисэх онгоц Москвагаас шууд Каракаст иржээ. Москва-Каракасын чиглэлд ямар ч компани шууд нислэг үйлддэггүй юм байна.

Венесуэлийн сошиал сүлжээнд уг онгоцыг хөлсний цэргүүдийг тээвэрлэж ирсэн, Николас Мадурог оргуулах гэж байна, алт тээвэрлэж ирсэн гэх мэт таамаг, сэжигүүд яригдаж байгаа юм.

Тус онгоцыг зөвхөн Орос, Зүүн Өмнөд Азийн чиглэлд нисдэг, өмнө нь Каракаст огт ирж байгаагүйг агаарын тээврийн мэргэжилтнүүд нислэгийн мэдээллийн сан дээр үндэслэн баталж байна.

Оросын “Новая Газета” сонинд Боинг онгоц зөвхөн хоёр нисгэгчтэй, зорчигчгүй яваа тухай мэдээлжээ. Венесуэль улс сүүлийн долоо хоногийн хугацаанд хоёр удирдагчтай болоод байгаа. Одоогийн ерөнхийлөгч Николас Мадурог ОХУ-ын эрх баригчид идэвхтэй дэмжиж байна.

Харин сөрөг хүчний удирдагч, өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан Хуан Гуайдог АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд, Өмнөд Америкийн ихэнх орон дэмжиж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters