Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Макгрегор $50,000, Нурмагомедов $500,000-аар торгууллаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны аравдугаар сард болсон UFC 229 холимог тулааны тэмцээний үеэр эмх замбараагүй байдал үүсгэснийхээ төлөө Ирландын Конор Макгрегор, Оросын Хабиб Нурмагомедов нар шийтгэл хүлээлээ.

Макгрегор $50,000-аар торгуулж, зургаан сар тэмцээнд орох эрхээ хасуулсан бол Нурмагомедов $500,000-аар торгуулж, есөн сар дэвжээнд гарах эрхгүй болсон байна.

Хэрвээ Нурмагомедов Лас Вегасын цагдаагийн газарт очиж, буруугаа хүлээвэл тэмцээний хориг нь зургаан сар болж буурах боломжтой гэжээ.

Түүний торгуулийг UFC 229 тулаанаас олсон шагналаас нь суутгана.

Шийтгэлд Нурмагомедовын тал сэтгэл дундуур байна. Түүний менежэр Али Абделазиз “Хабиб $500,000, Конор $50,000-аар торгуулж байгаа нь шударга бус байна” гээд араас нь хараалын үг хэлжээ.

Нурмагомедов твиттер хуудсандаа “улс төржсөн шийдвэр” гэж бичсэн байна.

Аравдугаар сард Лас Вегаст болсон тулааны дөрөв дүгээр үед Нурмагомедов Макгрегорыг буулгаж авсан. Дараа нь тэр дэвжээнээс бууж, өрсөлдөгчийнхөө талын хүнд халдсан юм. Удалгүй түүний багийн нэг гишүүн дэвжээн дээр гарч Макгрегорын биед халдаж байжээ.

Макгрегорын талын хүн дэвжээний гаднаас доромжилсон утгатай үг хэлж  байсан нь үүнд нөлөөлсөн гэж сүүлд Нурмагомедов хэлж байв.

 

Эх сурвалж: The Guardian