Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч ажиллаж эхэлснээр агаарын чанар эрс сайжирчээ

Үндэсний шуудан сонин
2019 оны 1 сарын 30
Үндэсний шуудан
Зураг зураг

Дэлхийн хамгийн том буюу 100 метр өндөр агаар цэвэршүүлэгчийг Хятадын хойд нутгийн Шэньси мужийн төв Сиань хотод өнгөрсөн оны сүүлчээр туршилтаар ажиллуулж эхэлснээс хойш тус хотын агаарын чанар мэдэгдэхүйц сайжирчээ. Агаар цэвэршүүлэгчийг зохион бүтээж, төслийг хариуцаж ажилласан Хятадын Байгалийн шинжлэх ухааны судлаачдын багийн ахлагч Цао Зюньзи “Агаар цэвэршүүлэгчийг ажиллуулж эхэлснээс хойш тус хотын агаарын чанар 10 ам.км талбайд мэдэгдэхүйц сайжирсан.

Агаар цэвэршүүлэгч өдөрт 10 сая гаруй шоо метр цэвэр агаар “үйлдвэрлэж” байгаа” гэжээ. Тус агаар цэвэршүүлэгчийн үр нөлөөг шалгахын тулд судлаачдын багийнхан ойр орчимд нь агаарын чанарыг хянах 10 гаруй төхөөрөмж суурилуулсан байна. Судлаачид энэ оны гуравдугаар сард туршилтын дүнгээ дэлгэрэнгүй танилцуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Сиань хотын агаарыг цэвэршүүлэх цамхаг барих буюу дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч барих төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онд дууссан байна. Энэхүү төслийн гол зорилго нь агаарыг хямд өртгөөр цэвэршүүлэх аж.

Үүнээс өмнө Хятадын хамгийн том агаар цэвэршүүлэгч гэгдэж байсан цамхгийг Голландын зохион бүтээгч Даан Русегардын боловсруулсан төслөөр өнгөрсөн онд барьж байжээ. Долоон метр өндөр тус цамхаг нь секундэд найман шоо метрийн агаарыг цэвэршүүлдэг бөгөөд цахилгаанаар ажилладаг.

Зураг