Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монголын 2019 оны анхны бизнес уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зочноор оролцлоо

ikon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

УЛААНБААТАР, Монгол улс – 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-ын зохион байгуулсан ээлжит Бизнес уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар хүндэт зочноор оролцож мэдээлэл хийлээ. Монгол улс дахь Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч ноён Мануэл П. Микаллер мөн хүндэт зочноор уригдсан юм.

Уулзалтад АмЧамын гишүүн байгууллагуудын төлөөлөл, дотоод болон гадаадын бизнес эрхлэгчид, төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудаас зочид хүрэлцэн ирж оролцлоо. Тус уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар Засгийн газрын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар хэлсэн үгэндээ, 

“Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2018 онд ойролцоогоор 13 тэрбум ам.доллар хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд экспортын хэмжээ 7 тэрбум ам.долларт хүрчээ. Мөн өнгөрөгч онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 онтой харьцуулахад 1.5 дахин нэмэгдэж, 2.01 тэрбум ам.доллар хүрсэн” гэв. Тэрбээр Монгол Улс, АНУ хооронд байгуулсан Өргөтгөсөн иж бүрэн түншлэл, хоёр талын харилцаанд гарч буй сүүлийн үеийн эерэг өөрчлөлтүүд буюу Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл, Мянганы Сорилтын Корпорацитай байгуулсан 2 дахь компакт гэрээ зэргийг онцлон дурдсан бөгөөд хөрөнгө оруулагч болон төрийн байгууллагын хооронд гүүр болон ажилладаг АмЧам Монголын үүргийг энэ дашрамд цохон тэмдэглэлээ.

АНУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Мануэл П. Микаллер,

“Шинэ он эхлээд удаагүй байгаа энэ үед бид 2019 оны эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ буюу АмЧам болон Монгол Улсын Засгийн газартай хамтран энэ онд хэрэгжүүлэхийг зорьж буй бодлогын чиглэлийг та бүхэнтэй хуваалцах хүсэлтэй байна. Ил тод байдлын тухай хэлэлцээр нь АмЧам-ын гишүүдэд хамгийн хамааралтай бөгөөд тус баримт бичигт хууль тогтоомж, дүрэм журам шинээр батлахаас өмнө олон нийтээс санал авах ёстой тухай тусгасан байдаг. Хоёр орны эдийн засгийн харилцан түншлэлийн гол цөмийг бүрдүүлэх ил тод байдлыг хангах болон хувийн секторт түшиглэсэн эдийн засгийн өсөлтийг дэмжих нь Индо-Пасифик стратегийн баримт бичгийн үндсэн мөн чанар юм” гэв.

АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Ойбек Н. Халилов уулзалтыг нээж хэлсэн үгэндээ,

“Хүчтэй, өрсөлдөх чадвартай хувийн хэвшлийн өсөлтийг дэмжин, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд АмЧам Монгол нь Засгийн газартай үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран ажиллахыг зорьж байна. АмЧам Монголын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тусгасан Өсөлтөд Хүрэх Зам 2019 баримт бичигт гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх замаар улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжихээ бид онцлон тэмдэглэсэн байгаа” хэмээв.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.