Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Нохой жилийн ТЭРГҮҮН болон ШИЛДЭГ НОМУУД

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Жилийн тэргүүн ном шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Үндэсний номын санд зохион байгуулагдаж, нохой жилийн тэргүүн номоор Дэлхийн соёл, яруу найргийн академийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор, Азийн утга зохиолын шагналт зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайн 10 боть бүтээлийн чуулган шалгарлаа.

Энэхүү 10 боть нь 2022 он хүртэл хэвлэгдэх 27 боть бүтээлийн эхний 10 боть чуулган нь юм. Тус 10 ботид философи болон улс төрийн номууд ороогүй, зөвхөн утга зохиолын төрөл зүйлээр бичсэн зохиолууд багтжээ.

MNC телевизээс санаачлан зохион байгуулж буй уг арга хэмжээ энэ жил хдёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Оны тэргүүн номоос гадна тухайн жилийн шилдэг дөрвөн ном, шилдэг хэвлэлийн компанийг шалгаруулдаг юм.

Шилдгүүдийг эрдэмтэн судлаачид, шүүмжлэгчдийн саналаар шалгаруулдаг аж.

Нохой жилийн ШИЛДЭГ ДӨРВӨН НОМ:

“Шувууг сулла”

1990-ээд оноос эхлэн яруу найргийн шилдэг түүврүүдээ уншигчдадаа хүргэхийн зэрэгцээ “Болор цом” наадмын тайзнаа олон сайхан шүлгээ дуудаж, “Эгшиглэнт эх”-ийн тэргүүн найрагчаар тодорч байсан Ц.Бавуудорж яруу найргаа түр орхиж, үргэлжилсэн үгийн төрлөөр бичих болсон. Түүний нохой жилд уншигчдын гар хүргэсэн “Шувууг сулла” нэртэй номыг шүүмжлэгч, судлаачид оны шилдэг хэмээн нэрэлжээ.

“Шувууг сулла” номонд яруу найрагчийн сүүлийн үед бичсэн өгүүллэг, бичил өгүүллэг, тууж, жүжгээс багтжээ. Номонд 40 орчим өгүүллэг, 80 орчим бичил эссэ нэг тууж, нэг жүжгийг бусад бүтээлээсээ шигшин оруулсан байна.

"САНКАРА" эссэ роман

Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн  Амьдралын ёроолд унаад, тэмцэж боссон монгол залуугийн бодит түүхээс сэдэвлэсэн  Санкара эссэ роман нохой жилийн шилдэг номоор шалгарлаа. "САНКАРА" эссэ романд Социалист Монголын нийслэлд, урлагийн гэрт өсөж бойжсон зураач залуу дүүгийнхээ хамт гэмт хэрэгт холбогдоод дүүгийнхээ хэргийг ах нь өөрөө хийсэн болж, тэндээсээ галзуугийн эмнэлэгт хэвтэж олон жил элдэв зовлон үзсэн ч амьдралын ёроолоос уран бүтээлээ эхлэж дараа нь телевиз киноны хүн болж хийсэн киногоороо дэлхийгээс 23 шагнал авсан түүх. Мөн Бясалгалтай учирсан хийгээд зөн ёр хосолсон бодит түүхээс сэдэвлэсэн эссэ роман юм.

"Монгол хэлний үгийн гарлын тайлбар толь"

Олон улсын монгол судлалын холбооны хүндэт ерөнхийлөгч, зөвлөх, МУ-ын ШУ-ны гавьяат зүтгэлтэн Д.Төмөртогоогийн Монгол хэлний үгийн гарлын тайлбар толь нохой жилийн шилдэг дөрөвт  багтжээ. Энэхүү ном маш том судалгааны материал юм. Монгол хэлний судлал үүсэн хөгжиж ирсэн хоёр зуу шахам жилийн хугацаанд монгол хэл аялгууны толь, орчуулгын толь, тайлбар толь, бичгийн дурсгал, сурвалж бичгийн үгсийн хэлхээ харь үгийн толь, нэр томьёоллын толь зэрэг үгсийн сангийн олон талын зориулалттай толь бичгүүд олноор гарч байсан.

Харин 2018 онд монгол хэлний үгийн гарлын толь бичиг гарсан нь нохой жилийн шилдэг номоор нэрлэгдэж байна. Толь бичигт 3,700 орчим толгой үг багтсаны дотор 2,200 орчим монгол үг, 1,500 орчим гадаад хэлний үгийг багтаажээ.

Шилдэг орчуулгын номоор "Хайрын ааш"

Япон хэлнээс олон роман, тууж, өгүүллэгийг сорчлон орчуулж, уншигчдын оюун санаанд үнэтэй хувь нэмрийг оруулж, уншигч олны талархлыг хэдийнээ хүлээсэн орчуулагч О.Жаргалсайхан ээлжит "Хайрын ааш" номоо уншигчдадаа хүргэсэн. Хайр олон ааш араншинтай ч япон зохиолчийн хайрын ертөнц уянгалаг зөөлөн сэтгэлийн асар догдлолтой фантазлаг, өөдрөг дэврүүн энхрий ялдам санаашрангуй гэгэлгэн дүрслэлийг харуулжээ.

Түүнчлэн нохой жилийн шилдэг хэвлэлийн газраар НЭПКО компани шалгарчээ.

НЭПКО хэвлэлийн газар нь 2006 оноос шинжлэх ухаан танин мэдэхүйн бүтээлүүдээс эхлээд хэлний толь бичгүүд, дотоод гадаадын сонгодог болон шинэ уран зохиолуудыг ямагт зохиогчийн эрхтэй эрхлэн гаргасаар иржээ.

"Бидэнд номын тууштай уншигч хэрэгтэй байна. Уншигчдын тоо биш чанар чухал болсон"
 

Нохой жилийн тэргүүн номыг шалгаруулах ёслолын үеэр Монголын Үндэсний Номын сангийн захирал Б.Ичинхорлоо "Судлаачдын анхаарлыг татсан, уншигчдаа уриалсан, номын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Ном унших гэдэг соёл. Бидэнд номын тууштай уншигч хэрэгтэй байна. Бидний хувьд уншигчдын тоо биш чанар чухал болсон. Номын сангаас эрдэмтэд, соён гэгээрүүлэгчид төрж гарах ёстой. Номын санд судлагдаж байгаа номууд олон жилийн турш үндэсний оюун санааны хэрэгцээг хангадаг бүтээлүүд байгаасаа гэж боддог. Ном бүрдүүлэлтдээ ч уг зарчмыг баримталж байгаа" хэмээн ярилаа.

Фото

Гэрэл зургийг mpa.mn