Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн сөрөг хүчин тус улсад ядуу хүн үлдээхгүй байх сонгуулийн амлалт өглөө

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Конгресс намын дарга Рахул Ганди

Энэтхэгийн гол сөрөг хүчин болох Конгресс нам ирэх сонгуульд ялбал ядуучуудад зориулсан нэг төрлийн баталгаат суурь орлого (Universal Basic Income) бий болгох амлалт өгсөн байна.

Ирэх дөрөвдүгээр сард болох парламентын сонгууль популист амлалтуудаар дүүрэн болох төлөвтэй байгаа бөгөөд анхны томоохон популист амлалтыг ийнхүү сөрөг хүчин зарлажээ.

Харин эрх баригч Бхаратия Жаната нам тэднийг хариуцлагагүй, биелэх боломжгүй амлалт өглөө хэмээн буруутгасан байна. 

“Манай намын 2019 онд байгуулагдах засгийн газар Энэтхэгийн бүх ядууст хамгийн бага доод орлогын баталгаа өгөхөөр боллоо. Энэтхэгт дахин хэн ч өлсөхгүй, ганц ч ядуу хүн үлдэхгүй!” гэж Конгресс намын тэргүүн Рахул Ганди өчигдөр төвийн бүсийн Чхаттисгарх мужид тариачидтай уулзахдаа хэлсэн байна.

Эрх баригчдын бодлогын үр дүнд ургацаас олдог орлого нь буурсан тариачдын бухимдлын ачаар өнгөрсөн сард болсон орон нутгийн сонгуулиар Конгресс нам энэ мужид ялсан юм.

Хүн амын 49 хувь нь хөдөө аж ахуйд ажилладаг Энэтхэгт тариачид, фермерүүдийн таалалд нийцсэн амлалтууд сонгуулийн хувь заяаг шийддэг.

Баталгаат хамгийн бага орлогыг шууд бэлэн мөнгө хэлбэрээр тараах, эсвэл хоол хүнс хэлбэрээр өгөх үү гэдэг асуултын хариу тодорхойгүй байна. Конгресс намын тооцоо шинжилгээний газрын мэргэжилтний өгүүлж байгаагаар хүн бүрт ижил хэмжээтэй мөнгө олгохгүй, ядуурлын түвшнээс нь хамаарч хэд хэдэн шатлалтай олгоно гэж ярьжээ.

Харин жинхэнэ UBI (Universal Basic Income) нь иргэн бүрийн ажил эрхлэлт, орлого зэргээс үл хамааран тэгш хэмжээтэй, амьдралын хамгийн наад захын хэрэгцээг нь хангахуйц мөнгө хуваарилах тухай ойлголт юм.

Сүүлийн жилүүдэд Канад, Финланд зэрэг амьжиргааны түвшин өндөр орнуудад UBI-г янз бүрийн хүрээнд туршиж байгаа.

Хамгийн сүүлд 2011 онд гаргасан Дэлхийн банкны тоо баримтаас үзвэл Энэтхэг улсын хүн амын 21.9 хувь нэн ядуу түвшинд амьдардаг ажээ.

Рахул Ганди өчигдөр хэлсэн үгэндээ “Бид энэ улсад хоёр өөр Энэтхэгийг бий болгохыг хүсэхгүй! Ганцхан Энэтхэг байж, энэ улсын ядуу хүн бүр хамгийн бага орлогын баталгаатай болохын төлөө Конгресс нам ажиллана. Улс орны нөөц баялгийг хамгийн түрүүнд Энэтхэгийн ядуус хүртэх ёстой!” гэж өгүүлжээ.

 

Эх сурвалж: The Guardian