Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-аас эрэг боолт олдоогүй тул Mac Pro компьютерын үйлдвэрлэл саатаж байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

2012 онд Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күк мэргэжлийн түвшний дэсктоп компьютер болох Mac Pro-гийн үйлдвэрлэлийг АНУ-д шилжүүлэх болсноо зарлаж байв.

Гэтэл энэ төлөвлөгөө санаанд оромгүй шалтгаанаар бүтэлгүйтэж байсныг Нью Йорк Таймс сонин өчигдөр мэдээлжээ. Тодруулбал Америкаас хангалттай тооны эрэг боолт олдохгүй байсан тул төлөвлөгөө нь хэдэн сараар хойшилж байсныг уг төсөлд оролцож байсан хүн ярьсан байна.

Техасын Остинд Mac Pro компьютерыг угсрахад их хэмжээний эрэг боолт хэрэгтэй болж, Apple компани нийлүүлэгч хайж байжээ. 

Эцэст нь өдөрт ердөө 1,000 боолт гаргах чадвартай, 20 ажилтантай жижигхэн компанийг нийлүүлэгчээр сонгохоос өөр аргагүй болж байсан гэнэ.

Ингээд бяцхан нийлүүлэгчийнхээ бүтээгдэхүүнийг хэдэн сар хүлээсний эцэст Apple уг санаагаа орхиж, Хятадаас захиалж авах болсон байна.

Бас нэг тохиолдолд Apple Локхартад оршдог жижиг үйлдвэрлэгчээс нийт 28,000 эрэг боолт авахаар болж, тус компанийн ерөнхийлөгч нь бүтээгдэхүүнээ өөрийн седан машинаар Mac Pro-гийн үйлдвэрт зөөж хүргэдэг байжээ.

Энэ бүх оролдлогын эцэст Apple 100 хувь АНУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гаргах зорилтоосоо няцаж, шаардлагатай эд ангиудаа Хятадаас захиалж эхэлсэн тухай тус мэдээнд өгүүлсэн байна.

Mac Pro компьютерыг хамгийн сүүлд 2013 онд шинэчилсэн. Тэр цагаас хойш шинэ загвар огт гараагүй байгаа. Apple компани 2019 онд энэ бүтээгдэхүүндээ том шинэчлэлт хийнэ гэж амласан юм.

Гэхдээ шинэ загвар нь бүхэлдээ АНУ-д үйлдвэрлэгдсэн байх магадлал тун бага байна.

Энэ түүхээс харвал ерөнхийлөгч Дональд Трампын бүхнийг АНУ руу шилжүүлэх төлөвлөгөө биелэхэд ямар хэцүү болох нь харагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: Mashable