Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ажилд орохын өмнө хүний нөөцийн мэргэжилтнээс асуух асуулт

ikon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN

Хэдэн сар ажил хайсны дараа боломж олгосон компанид шууд орох хүсэл төрдөг. Гэвч эцсийн хариугаа өгөхийн өмнө тухайн байгууллагын санал болгож буй зүйлийг сонсох хэрэгтэй. Тухайн байгууллага таны хөдөлмөрийг борлуулж, ашиг олох гэж байгаа учраас та ч гэсэн өөрт ирэх давуу тал, ашгийн талаар лавлах эрхтэй.

Үүнээс гадна байгууллагын цар хүрээ, бүтэц чухал түлхэц болдог. Том компаниудын хувьд нөөц боломж илүү тул ажилтнуудад олгох цалин, сургалт сайтай ч жижиг компаниуд шиг сурсан зүйлээ харуулах уян хатан орчингүй. 

Гэхдээ өөрийн албан тушаал болоод ямар байгууллагад орох гэж байгаагаас үл хамааран нэг бол ор эсвэл татгалз гэсэн хоёр санал бий. Ямар ч ажлыг хүлээн авахын өмнө судалгаа хийж, асуулт асууж, хүний нөөцтэй хэлэлцэх журмаар өөрт хамгийн тохирох, ашигтай багцыг аваарай. Тэгвэл Бизнетворк Консалтинг ХХК-аас хувь хүний хөгжил, карьер хөгжлийг дэмжих зорилгоор дараах дөрвөн зөвлөмжийг хүргэж байна.

Урамшуулал

Үндсэн цалингаас гадна ажлын үзүүлэлтээс хамаарч нэмэлт цалин гэж бий. Хэрэв ийм төрлийн нэмэлт цалин байгаа бол ямар шалгуураар өгдгийг мэдэх хэрэгтэй. Ямар нэгэн томъёлол эсвэл шалгуур дээр үндэслэх үү? Цалингийн хэдэн хувьтай тэнцэх мөн таны түвшний ажилтнуудын авдаг их, бага, дундаж дүн нь хэд орчим бэ? Урамшууллын шалгуурыг сайн мэдэх тусам өөрийн үзүүлэлтийг анхнаас зөв хуваарилах юм. 

Ажилчдын боловсрол

Мэдээж сургуульдаа буцах талаар төсөөлөх хэрэггүй боловч ажилчдын боловсролыг тасралтгүй хөгжүүлэх, сургалтад хамруулах хөтөлбөрийн талаар асуух хэрэгтэй. Тухайн байгууллага ажилчдын боловсролд хэр анхаардаг талаар мэдэхээс гадна энэ хөтөлбөрт хамрагдах танд боломж бий юу гэдгийг мэдэх хэрэгтэй. 

Амралт

Ажилд орох ярилцлагын үеэр амралтын талаар асууж зүрхлээгүй бол одоо боломж ирлээ.  Жилд хэдэн өдрийн амралт өгдөг вэ? Өвчтэй эсвэл чөлөө авсан өдрүүдэд цалин тооцогдох эсвэл үгүй юу?
Зарим нэг бүтээлч байгууллагууд ажлын уян хатан нөхцөлтэй болж байна. Тухайлбал илүү цагаа тооцуулж байгаад түүнийгээ дараа нэг өдрийн амралт болгож авах жишээтэй. 

Ажил амьдралын тэнцвэр

Таны хувьд ойрын ирээдүйд гэр бүлтэй болох төлөвлөгөөгүй ч сонирхоод үзэхэд буруудахгүй.  Одоохондоо ажлын цагийн уян хатан нөхцөл, тэтгэвэр, өвчтэй өдрүүд чухал биш санагдах ч хэзээ нэгэн өдөр чухал болно. Нөгөө талаар уг асуудлаар дамжуулан компанийн зүгээс ажилчдаа гэх тэр тусмаа эмэгтэй ажилчдад ямар хандлагатай байдгийг мэдэх юм.

Нэгэнт мөрөөдлийн ажилдаа орох эрхтэй болсон байхад хүний нөөцтэй энэ мэт асуудлаар ярилцах нь утгагүй санагдаж болох юм. Гэхдээ л мэдэх хэрэгтэй зүйлийн нэг бөгөөд дараа нь гэнэтийн бодлоготой нүүр тулж балмагдахгүй байхаас гадна орчин нөхцөлдөө тааруулж ажиллахад тань хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. 

Та ЭНД дарж илүү их мэдээ,мэдээллийг авна уу.

 

Эх сурвалж: biznetwork.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.