Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Монгол: Байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж байхад гэмт хэрэг бус зөрчил хэмээн тооцож, бага торгууль ногдуулж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хуульч, өмгөөлөгч Ц.Монгол Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдэд торгууль ногдуулж байгаа хэдий ч байгаль орчныг хохироосон томоохон эрүүгийн гэмт хэргүүдийг зөрчилд тооцож, ял завшуулж байгаа асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хуульч, өмгөөлөгч Ц.Монгол “Зөрчлийн тухай хуулиар 200 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг торгоод байна. Өөрөөр хэлбэл энэ байдал нь Зөрчлийн тухай хууль цагдаагийн байгууллагын төсвийн орлогыг бүрдүүлдэг нэг томоохон эс үүсвэр болоод байгааг харуулж байна.

Мөн Зөрчлийн тухай хуулиар гарсан асуудлыг цагдаа шалгах ёсгүй харин улсын байцаагч шалгах үүрэгтэй байдаг.

Зөрчлийн тухайн хуулийн долоодугаар зүйлийн 11.2.3-т “Тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн тухай” заасан байдаг. Талбайгаас хэтэрч гарсан тохиолдолд хэтэрсэн метр бүрээр мөн торгууль ногдуулах журамтай байдаг.

Гэвч энэ журмыг зөрчиж буй хэд хэдэн тодорхой жишээ байна. Тодруулбал, Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэр дээр 1.6 га талбайд 40 метр гүнд үйл ажиллагаа явуулахаар ил уурхайн зөвшөөрөл авсан нэгэн аж ахуйн нэгж байгууллага байна. Энэхүү байгууллага зөвшөөрөл авсан газраасаа 500 метр даван үйл ажиллагаа явуулж байхад хэн ч анхаарал хандуулахгүй байна. 

Үүнээс болж байгаль орчны нөхөн сэргээлт хийх боломжгүй болж байгаа асуудал олон сум, газарт тохиолдож байна. Энэ асуудлаар Байгаль орчны яаманд хандахад яамнаас энэ асуудлыг хувийн шинжээчид өгч, дүгнэлт гаргуулна гэсэн тайлбар өгч байна.

Ийм байдлаар манай улсын нутаг дэвсгэрт сүйдсэн олон арван газрын нөхөн сэргээлтийг хийлгэж, хариуцлага хүлээлгэж чадахгүй байна.

Мөн Дундговь аймаг дахь ийм төрлийн уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй газрын асуудлыг цагдаагийн байгууллагаас дөрвөн жилийн хугацаанд шалгаж байна. Гэвч тус хэрэгт цагдаа, шүүхийн өндөр албан тушаалтай хүмүүс оролцон хэргийн харьяаллыг дөрвөн удаа сольсон асуудал гарсан.

Хуулийн шатны шүүхээр энэ асуудлыг оруулан, шүүхийн шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж гарч, ял оногдуулж дээд шүүхэд очсон. Гэвч Дээд шүүхэд очсоноор энэ хэргийг шүүгч нь зөрчил эсвэл гэмт хэрэг гэдгийг ялгаж шийдээгүй байна гэх шалтгаанаар буцаасан байна. Гэх мэтчилэн ийм төрлийн олон зөрчлийн асуудал олон гарч байгаа хэдий ч зөв газраар нь шийдвэрлүүлж, анхаарал хандуулахгүй байна.

Мөн ийм төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүд байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж байхад гэмт хэрэг бус зөрчил хэмээн тооцож, бага хэмжээний торгууль ногдуулж байгаа нь асуудалтай байна" хэмээн мэдээлэл хийлээ.